Урьдчилан цэвэрлэх байгууламжтай үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийг дэмжинэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-08-19 16:23:02

Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Нийслэлээс ус бохирдуулдаггүй, урьдчилан цэвэрлэх байгууламжтай үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийг дэмжихээ илэрхийлэв. 


Улаанбаатар хотын ариутгах татуургын сүлжээнд нийлүүлэх хаягдал усны ахуйн бохирдол 40, эх үүсвэрийг нь тогтоосон үйлдвэрийнх 19, эх үүсвэрийг тогтоогоогүй нь 36 хувь байгаа бол хөрсний нэвчилт, бороо үерийн усны бохирдол таван хувийг эзэлж байна. Ялангуяа мах, махан бүтээгдэхүүний үйлдвэр, машин угаалгын газрууд ихээхэн бохирдол үүсгэдэг. Иймд бохирдуулж буй үйлдвэрийг бүртгэх, урьдчилан цэвэрлэх байгууламжтай болгох, стандартын шаардлага мөрдүүлнэ. 


Төв цэвэрлэх байгууламж нь  боловсруулах чиглэлийн 470 үйлдвэр, 131 эмнэлэг, 170 ресторан, цайны газрыг цэвэр усаар хангаж, хэрэглээнээс гарсан хаягдал бохир усыг хүлээн авч, татан зайлуулдаг. Гэтэл урьдчилан цэвэрлэх байгууламжтай дөнгөж 34 үйлдвэр, аж ахуйн нэгж байгаа нь хангалтгүй үзүүлэлт учир цаашид урьдчилан цэвэрлэх байгууламжтай үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийг дэмжихээ хотын дарга Х.Нямбаатар тодотгожээ. 


Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийн хүлээн авах сараалжийн байгууламжид хоногт дунджаар 1500-2000 кг хатуу хог хаягдал хүлээн авдаг аж.

Холбоотой мэдээ