Дуу цахилгаантай аадар бороо, мөндөр орно
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Баруун аймгуудын нутгаар өнөөдөр 20 цаг хүртэлх солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төв, говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо, мөндөр орно.
Улаанбаатар, Төв, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн нутаг, Дундговийн хойд хэсгээр өнөөдөр ахиу усархаг бороо орно. Төв аймгийн зүүн хэсэг, Дорноговь, Говьсүмбэр, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн нутгаар 20-21-нд шилжих шөнө усархаг бороо үргэлжлэн орох тул болзошгүй нөөлөг салхи, аянга цахилгаан, мөндөр, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг ЦУОШГ-аас анхааруулж байна.
Баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс салхи секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүсэх юм.
Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр +12-+17 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Халх голын сав газраар +26-+31 градус, бусад нутгаар +17+22 градус дулаан байна.