Зам, талбайн цэвэрлэгээний 20 машин механизмыг хүлээн авлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
erdenebat@montsame.mn
2025-08-23 11:47:39

Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 23 /МОНЦАМЭ/.Улаанбаатар хотын иргэдийн эрүүл, цэвэр цэмцгэр, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бий болгох зорилгоор хот, нийтийн аж ахуйн салбарт парк шинэчлэлтийн ажлыг үе шаттай хийж байна.


Тодруулбал, энэ онд нийслэлийн төсвийн хөрөнгөөр хог тээвэр, зам талбайн цэвэрлэгээ, усны барилга байгууламжийн тусгай зориулалтын 301 машин механизм, тоног төхөөрөмжийн парк шинэчлэлт хийхээр төлөвлөсөн.

 

Энэ хүрээнд зам, талбайн цэвэрлэгээний шинэ 20 машиныг хүлээн авлаа. Эдгээр машин нь дэлхийд зам цэвэрлэгээний механизм үйлдвэрлэлтээрээ тэргүүлэгч "Fayat" группийн харьяа Италийн "Dulevo" брэндийнх юм. Цаашид хот, нийтийн аж ахуйн салбарт ашиглах 150 гаруй тусгай зориулалтын машин, механизмыг хүлээн авахаар бэлтгэж байна.

 

“Dulevo" компанийн Ази, Номхон далайн экспортыг хариуцсан менежер Давиде Шамиа “Манай компани нь барилга, зам засварын машин, техник үйлдвэрлэлтээрээ дэлхийд тэргүүлэгч “Fayat” компанид харьяалагддаг. Тиймээс “Dulevo” брэндийн зам, талбай цэвэрлэгч машин, механизм нь салбартаа тэргүүлэн, Европ, АНУ, Австрали, БНХАУ, Сингапур улсад ашигладдаг. Одоогоор Монгол Улсад экспорт хийж буй 20 ширхэг “Dulevo 850” модель нь хамгийн сүүлийн үеийн олон үйлдэлт загвар бөгөөд дунджаар 7-10 жил, ихдээ 20 жил ашиглах боломжтой” гэснийг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээллээ.

Холбоотой мэдээ