Бизнес эрхлэгч эмэгтэйчүүд нийтлэг сорилтоо хамтран шийдэхийг зорьж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-08-25 17:45:01

Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулж буй Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалт “Шангри-Ла” зочид буудалд өнөөдөр эхэллээ.


Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг тус чуулга уулзалтын зорилгыг тодорхойлохдоо “Манай улсад бизнесийн сул орон зай их бий. Түүнийг гаднынханд сурталчлах нь энэ удаагийн чуулга уулзалт хамгийн том зорилго гэхэд болно. Хоёрдугаарт эмэгтэйчүүдийн санхүүжилтийн хүртээмж бага хувьтай байна. Монголын банк санхүүгийн болон олон улсын худалдааны байгууллагуудын анхаарлыг татах, улмаар монгол эмэгтэйчүүддээ илүү их боломж олгох, хууль, эрх зүйн орчныг нь бүрдүүлэх зорилгыг давхар агуулж байна. Эцэст нь хэлэхэд, 23 орны 250-аад бизнес эрхлэгч эмэгтэй энэ өдрүүдэд манай улсад ажиллах нь. Иймд тэдгээр эмэгтэйчүүд ямар салбарт хамгийн амжилттай явааг манай бүсгүйчүүд судалж хараасай. Түншээ олж аваасай. Хөрөнгө оруулалт татаасай гэж хүсэж байна. Товчдоо бол, суралцах, хөгжих, хамтрах, хөрөнгө оруулалт татах, Монгол Улсаа сурталчлах ийм өргөн боломжийг эмэгтэйчүүд маань сайн ашиглана гэдэгт найдаж байна” гэлээ.


Шадар сайдын зөвлөх Л.Дулмаазул олон жил банк, санхүүгийн салбарт ажиллалаа. Тиймээс монгол эмэгтэйчүүд бизнес эрхлэхэд чамгүй санаачилга гаргадаг ч санхүүгийн эх үүсвэр тэдний өмнө тулгардаг хамгийн том асуудал болж байгааг хэллээ. Ялангуяа, алс холын аймгуудын эмэгтэйчүүд санхүүжилтын эх үүсвэрээ тэр бүр олж чаддаггүй. Зарим тохиолдолд зээл, тусламж эзэндээ хүрдэггүй тул аль болох хөнгөлөлттэй, барьцаагүй зээлийг тэдэнд санал болгох, арга эвээ олохгүй байгаа нэгэнд хэнтэй уулзвал бизнесийн орчинд өөрийг нь татан оруулах вэ гэдгийг зөв чиглүүлэх хэрэгтэй. Түүний дараагийн шатанд бараа бүтээгдэхүүнийг нь борлуулдаг төвлөрсөн талбар бий болгох, төлбөрийн хувьд цахимжуулах шаардлагатай гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлэв.


МҮХАҮТ-ын Гүйцэтгэх захирал Б.Саруул мөн ялгаагүй дижитал эдийн засгийг саналыг болгож байна. Тэрбээр "Дижитал эдийн засгийг түшиглэн эмэгтэй бизнес эрхлэгчид тогтсон ажлын байр гэхгүйгээр цахим суваг ашиглан хаа байгаа газраасаа бараа бүтээгдэхүүнээ сурталчлах, худалдан борлуулах, улмаар экспортлох тухай ойлголт юм. НҮБ-аас гаргасан судалгаагаар, “Монгол Улс цахим эдийн засагт харьцангуй бэлэн” гэсэн дүгнэлт гарсан. Тиймээс МҮХАҮТ энэ хүрээнд цахимаар хэрхэн бараа бүтээгдэхүүн экспортлоход чиглэсэн 1.6 сарын сургалтыг зохион байгуулах гэж байна" гэсэн мэдээллийг хуваалцлаа.



Траст группийн зөвлөх Р.Сансармаа “Траст трейд” компани 25 жилийн өмнө байгуулсан. Анх 6 ажилтантай, түрээсийн байранд үйлдвэрлэлээ эхэлж байлаа. Одоо 300 гаруй ажилтантай, хоёр салбар үйлдвэртэйгээр олон улсын стандартын шаардлагад нийцүүлэн үйл ажиллагаа явуулж байна. Монголын нөхцөлд бизнесийг дэмжих талдаа, ямарваа нэг хориг саад тавьдаггүй. Гэхдээ зарим тохиолдолд татварын давхцал зэрэг шийдэх асуудал амьдрал дээр гарсаар байдаг.

Тиймээс бизнес эрхлэгчдийг дэмжих өөр нэг гол арга зам бол голлох хуулиудын төсөлд бидний саналыг авах, бодитоор нь тусгах явдал юм” гэлээ.

Холбоотой мэдээ