“Сэлбэ 20 минутын хот”-ын орон сууцны дундаж хэмжээ 68 м.кв байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Сэлбэ хотыг Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрийн 158 га талбайд босгоно. Үүний 40 га талбайд төр, хувийн хэвшил хамтарч бүтээн байгуулалтыг өрнүүлэх юм.
“Сэлбэ 20 минут хот” төслөөр барих орон сууцны дундаж хэмжээ 68 м.кв байх бөгөөд 2200 гаруй нэгж талбар чөлөөлөхөөс одоогоор 93 хувьтай үргэлжилж
байна. Төслийн
хүрээнд хамтран ажиллах хүсэлтэй иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад мэдээлэл
солилцох уулзалт зохион байгуулж, барилгын
салбар, банк санхүү, бизнесийн байгууллагуудын төлөөлөл оролцлоо.
Хөрөнгө оруулагчдын асуултад “Сэлбэ 20 минут хот
корпорац” ХХК-ийн гүйцэтгэх захирал У.Баатар хариулахдаа, “Усны асуудалд нухацтай хандаж
байгаа. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 800-гийн шугам хийсэн, 12 байршилд Сэлбэ голын даланг өргөтгөх
төсөв баталсан. Далан, ус
зайлуулах шугамын ажлыг өндөр түвшинд төлөвлөсөн” гэлээ.
“Сэлбэ 20 минут хот корпорац” ХХК-ийн гүйцэтгэх захирал У.Баатар “Хувийн хэвшилтэйгээ уг төсөлд хамтран ажиллаж, аль болох богино хугацаанд 20 минут хот концепцыг бий болгож, бизнесийн зарчмыг баримталж, харилцан ашигтай, шуурхай ажиллана. Хамтран ажиллах бүсэд хөрөнгө оруулалтыг татаж, хувийн хэвшлийн тусламжтай бүтээн байгуулалтыг өрнүүлэхээр бэлтгээд байна” гэв. Энэ үеэр хөрөнгө оруулагчид газар чөлөөлөлтийн явц, ногоон байгууламжийг хэрхэн шийдсэн, үерийн эрсдэлээс хэрхэн сэргийлэх талаар асууж байлаа.