Хуримтлалын санд төвлөрсөн 100 тэрбум гаруй төгрөгийг иргэдийн нэрийн дансанд хуваарилав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2025-08-28 12:41:59

Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Хуримтлалын санд энэ оны эхний хагас жилд төвлөрсөн 103.3 тэрбум төгрөгийн ногдол ашиг, 2024 оны хуримтлалын сангийн мөнгөн хөрөнгийн хүүгийн орлого 27.7 тэрбум төгрөгийг иргэн бүрийн хуримтлалын нэрийн дансанд хуваарилан бүртгэхээр шийдэв.


ГБХНХЯ-ны мэдээлснээр, иргэний хуримтлалын нэрийн дансанд 2024 онд 138.9 мянган төгрөгийн ногдол ашиг бүртгэгдсэн. Энэ оны эхний хагас жилийн ногдол ашгийн орлого 28,668, өнгөрсөн оны хүүгийн орлого 7,778 төгрөгийг нэмэхэд энэ оны эхний хагас жилд 36,446 төгрөгөөр нэмэгдэж, иргэний нэрийн данс дахь хуримтлал 175.4 мянган төгрөг болж байна. Харин “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2024 оны 2, 3 дугаар ээлжийн энгийн хувьцааны ногдол ашгаа Хуримтлалын нэрийн дансанд шилжүүлсэн иргэний дансны эцсийн үлдэгдэл уг орлогоор нэмэгдэн бүртгэгдэх юм.


Үндэсний баялгийн сангийн тухай хуулиар Хуримтлалын санд уул уурхайн олборлолт, ашигт малтмалын боловсруулах салбарын төрийн өмчит, төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн 34 хувьд ногдох ногдол ашгийн Хуримтлалын санд төвлөрүүлэн, иргэн бүрд хуримтлалын нэрийн данс үүсгэн бүртгэж, эрүүл мэнд, боловсрол, орон сууцны зориулалтаар зарцуулахаар зохицуулсан. Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд 2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт Үйлдвэр” ТҮГ, “Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ТӨҮГ, “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-аас Хуримтлалын санд 495.6 тэрбум төгрөгийн ногдол ашгийг төвлөрүүлжээ.



Энэ ногдол ашгийг Монгол Улсын 3,565,966 иргэний Хуримтлалын нэрийн дансанд бүртгэсэн. Нэг иргэнд 138.9 мянган төгрөгийн бүртгэл хийж, И-Монгол төрийн үйлчилгээний мэдээллийн системээр дамжуулан иргэд Хуримтлалын нэрийн дансны мэдээллээ харах боломжийг бүрдүүлжээ.


Хуримтлалын санд энэ онд 507.1 тэрбум төгрөгийн ногдол ашиг төвлөрүүлэхээр хуульчилж, 2025 оны эхний хагас жилд 103.3 тэрбум төгрөгийн ногдол ашиг, 2024 оны хуримтлалын сангийн мөнгөн хөрөнгийн хүүгийн орлого 27.7 тэрбум төгрөг, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2024 оны 2, 3 дугаар ээлжийн энгийн хувьцааны ногдол ашгаа Хуримтлалын нэрийн дансандаа шилжүүлэх хүсэлт гаргасан 4026 иргэдийн 342.6 сая төгрөгийн ногдол ашиг тус тус төвлөрсөн байна.


Иргэд И-Монгол төрийн үйлчилгээний мэдээллийн системээр Хуримтлалын нэрийн дансны мэдээллээ харах боломжтой юм.

Холбоотой мэдээ