IBBY Азийн бага хуралд Монголын ном хэвлэлийн төлөөлөл оролцож байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. БНСУ-ын Сувон хотод 2025 оны наймдугаар сарын 30-наас есдүгээр сарын 1-нд Олон улсын хүүхэд залуусын номын зөвлөл (IBBY)-ийн Азийн конференц болж, хүүхдийн уран зохиол, уншлагын боловсролын талаар өргөн хүрээтэй хэлэлцүүлэг өрнүүлж байна.
Энэ удаагийн чуулганд Азийн 30 гаруй орны зохиолч, орчуулагч, редактор, хэвлэлийн төлөөлөгчид оролцож, хүүхдийн номын ирээдүй, уран бүтээлийн арга барил, уран зургийн номын урлаг зэрэг сэдвээр туршлага солилцож байгаагийн зэрэгцээ соёлын арга хэмжээний хүрээнд яруу найргийн үдэш, номын гарын үсэг зурах ёслол, уран бүтээлийн үзэсгэлэн зохион байгуулагдаж, оролцогчид хүүхдийн уран зохиолын талаарх шинэ санаагаа хуваалцаж байна. Мөн хэвлэлийн байгууллагуудын хамтын ажиллагаа өргөжиж, номын худалдаа, бүтээл солилцоо өрнөх юм.
Конференцийн дараа оролцогчдод зориулан Сувон хотын түүхэн газруудын болон Үндэсний хүүхэд, өсвөр үеийн номын сангийн англи хэлээрх тусгай хөтөлбөртэй аяллыг зохион байгуулах аж.
IBBY Азийн Конференц нь хүүхдийн уран зохиолын ертөнцийг холбох, унших соёлыг түгээн дэлгэрүүлэх чухал соёлын гүүр болоход дуу хоолойгоо өргөн Монгол Улсаас тус бага хуралд Либро сувд агентлаг, Монголын IBBY-ийн хамтран үүсгэн байгуулагч Ж.Сүнжидмаа, Book time publishing оролцож байна.
IBBY 40 дэх World Congress 2026 онд Канадын Оттава хотод болох ажээ.