Авто замын 11 уулзварт баруун гар тийш эргэх зохицуулалт хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-09-04 15:53:41

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Нийслэлийн авто замын 11 уулзварт баруун гар тийш эргэх зохицуулалтыг ирэх даваа гарагаас хэрэгжүүлэхээр болжээ.


Үүнтэй холбоотойгоор Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс цагийн үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Замын хөдөлгөөний удирдлагын төв болон Тээврийн цагдаагийн алба хамтран уулзваруудын нэвтрэх чадамжийг нэмэгдүүлэх зорилгоор 11 уулзварт баруун гар тийш эргэх зохицуулалтыг ирэх даваа гарагаас эхлүүлэх юм. Тодруулбал, 10-р хороолол, III эмнэлгийн баруун хойд, Саппоро, Тасганы овоо, Хайлааст, Их Монгол, ЭХЭМҮТ-ийн баруун урд, Зүүн дөрвөн зам, 32-ын тойрог, Зайсангийн “Оргил” худалдааны төвийн зүүн хойд болон Гэндэнгийн уулзвараар баруун гар тийш эргэх зохицуулалт хийхээр болов. Дээрх байршлуудыг сонгохдоо төвлөрлийн бүсээс задлах хөдөлгөөнийг дэмжсэн, явган зорчигч бага зорчдог, нийлэх эгнээтэй уулзваруудыг сонгосон талаар холбогдох албаныхан онцоллоо.


Түүнчлэн эдгээр баруун гар тийш эргэх зохицуулалтыг мөрдөхдөө жолооч нар явган зорчигч болон бусад чиглэлийн тээврийн хэрэгслийг хүндэтгэн зам тавьж өгч замын хөдөлгөөний дүрмийг баримтлан, болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг санууллаа.

Холбоотой мэдээ