ОРХОН: Баяжуулах үйлдвэрийн хам баяжуулалтын шинэчлэлийн ажлын нээлт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
g.altantsetseg@montsame.gov.mn
2025-09-07 16:30:55

Баян-Өндөр, 2025 оны есдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Орхон аймагт ажиллаж байна. 


Баяжуулах үйлдвэрийн хам баяжуулалтын 2, 3-р секцийн шинэчлэлийн ажлын нээлтийн үйл ажиллагааны үеэр “Импортын орлогыг нэмэгдүүлэх, геологийн судалгаа, эрэл хайгуулын ажлыг эрчимжүүлэх, шинэ орд газруудыг нээх бодлого баримтлан төсөл хөтөлбөрүүдээ чиглүүлэн ажиллаж байгааг онцлоод, түүхэн бүтээн байгуулалт, шинэчлэлийн ажлын ард өөрсдийн хүчээр амжилттай гарсан Эрдэнэт үйлдвэрийн баялаг бүтээгч уурхайчдад баяр хүргэлээ.


Энэхүү шинэчлэлийн ажлын зураг төсөл боловсруулалт, барилгын ажил, цахилгааны болон тоног төхөөрөмжийн угсралт, тохируулалт, зүгшрүүлэлт, автоматжуулалтын ажлыг Эрдэнэт үйлдвэрийн Зураг төслийн хүрээлэн, Барилга засварын цех, Засвар угсралт, Холбоо, мэдээллийн технологи, автоматжуулалтын цех, Баяжуулах үйлдвэр зэрэг бүтцийн нэгжийн монгол инженерүүд, техникийн ажилтнууд өөрсдийн хүчээр гүйцэтгэснээрээ онцлог юм. 


Баяжуулах үйлдвэр ОХУ-ын “РИВС” фирмийн хөвүүлэн баяжуулах 96 машинаа 30-160 м.куб эзлэхүүнтэй АНУ-ын "FLSmidth" компанийн “WEMCO” брэндийн 22 флотмашинаар шинэчилснээр цахилгаан эрчим хүчний зардлыг 25 хувиар бууруулж, жилд хоёр тэрбум төгрөг хэмнэх нөхцөлийг бүрдүүлжээ. Мөн зэсийн металл авалтыг нэмэгдүүлж, жилд 1.4 тэрбум төгрөгийн нэмэлт орлого олох боломжтой боллоо. 


Өргөтгөл шинэчлэлийн энэхүү бүтээн байгуулалт нь 2016 оноос хэрэгжүүлсэн техникийн шинэчлэлтийн бодлогын хүрээнд хүдэр боловсруулах хүчин чадлыг үе шаттайгаар нэмэгдүүлэх цогц ажлын нэг хэсэг юм. Эрдэнэт үйлдвэр 2016 онд жилд 32 сая тонн, 2022 онд 38 сая тонн хүдэр боловсруулж байсан бол өнгөрсөн жилээс жилд 40 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадлыг эзэмшээд байна. 






Холбоотой мэдээ