Австралийн Амбан захирагч С.Мостин Оюу толгой уурхайд зочилжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
КАНБЕРРА, 2025 оны есдүгээр сарын 8 /The West Australian/. Австралийн Холбооны Улсын Амбан захирагч Саманта Мостин “Рио Тинто” группийн Монгол дахь Оюу толгой зэсийн уурхайн үйл ажиллагаатай танилцжээ.
Монгол Улсад сүүлийн
30 гаруй жилийн хугацаанд Амбан захирагчийн хувиар хийж буй анхны
айлчлалын хүрээнд С.Мостин өнгөрсөн амралтын өдөр Оюу толгойд зочилсон байна.
Амбан захирагчийг
аварга том зэсийн уурхай руу нэвтрэхийн өмнө “Рио Тинто”-гийн шинэ гүйцэтгэх
захирал Саймон Тротт, ТУЗ-ийн дарга Доминик Бартон нар угтан авчээ.
“Айлчлалын эхэнд
Монгол Улсын Ерөнхийлөгч бид хоёр Австрали, Монголын бат бөх түншлэлийн талаар нэлээд ярилцсан. Оюу толгой бол энэ түншлэлийн хамгийн том жишээнүүдийн
нэг гэдэгтэй бид санал нэг байлаа” гэж хатагтай С.Мостин ярив.
“Рио Тинто”-гийн
урт хугацааны, их хэмжээний хөрөнгө оруулалт, Австралийн уул уурхай, инженерийн
салбарын олон зуун компанийн туршлага, ур чадварын үр дүнд бий болсон Оюу толгойг монголчууд мөн адил Монголын ирээдүйн төлөө барьж байгуулсныг тэрбээр онцолжээ.
“Оюу толгойд зочилсон
маань онцгой үйл явдал байлаа – бид газар доогуур 1.3 км аялж, аюулгүй байдал
хийгээд хүчирхэг, хүртээмжтэй, урам зоригтой ажиллах хүчинд тулгуурласан,
дэлхийн жишигт нийцсэн гүний олборлолтын нарийн арга ухаан, үр ашигтай
ажиллагааг өөрсдийн нүдээр харлаа” гэж С.Мостин ярьсан байна.
Хатагтай С.Мостины
дипломат хүчин чармайлт нь Монголын өндөр албан тушаалтнуудтай хурцадсан
харилцааг сэргээнэ гэж “Рио Тинто”-гийн зүгээс найдаж байна. Өнгөрсөн тавдугаар
сард Монголын Засгийн газар “Рио Тинто”-гийн эсрэг Их Британийн шүүхэд
нэхэмжлэл гаргасан гэх мэдээлэл гарчээ. Уг нэхэмжлэлд уул уурхайн тэргүүлэгч
компанийг авлига, улс төрийн хээл хахуулийн хэрэгт буруутгасан байна.
Үүнээс хэдхэн
долоо хоногийн дараа Монголын Засгийн газар тус компанид уул уурхайн түрээсийн
газар ашиглах эрх олгох шийдвэрээ хойшлуулсны улмаас “Рио Тинто” Оюу толгойг
хөгжүүлэх төлөвлөгөөгөө шинэчлэхээс өөр аргагүйд хүрчээ.
“Рио Тинто”, Монголын талууд 438 сая ам.долларын татварын асуудлаар удаан үргэлжилсэн хуулийн маргаантай байгаа юм. 2013 оноос ил аргаар, улмаар 2023 оноос далд уурхайн хэлбэрээр зэс олборлож буй Оюу толгой уурхай нь Монголын дотоодын нийт бүтээгдэхүүний 30 орчим хувийг бүрдүүлдэг.