Монгол Улс КАРЕК-ийн Гаалийн хамтын ажиллагааны хорооны 25 дугаар хуралдааныг даргална

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2025-09-08 17:26:44

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн (КАРЕК) “Гаалийн хамтын ажиллагааны хороо” (ГХАХ)-ны 24 дүгээр хуралдаан энэ сарын эхээр Киргиз Улсын Бишкек хотноо болж, Монгол Улсын Гаалийн байгууллага дараагийн хуралдааныг даргалахаар боллоо.


Хуралдаанд КАРЕК-ийн гишүүн орнуудын Гаалийн байгууллага, Азийн хөгжлийн банк (АХБ), хөгжлийн түнш олон улсын байгууллагуудын 45 төлөөлөгч оролцов. Энэ удаагийн хуралдаанаар гадаад хамтын ажиллагааны хорооны 2024-2025 оны төлөвлөгөөний хэрэгжилт, тэргүүлэх чиглэл, КАРЕК-ийн Нэгдсэн худалдааны хөтөлбөр 2030, нэгдсэн зохицуулалттай эрсдэлийн удирдлага, бүс нутгийн дамжин өнгөрүүлэхийг хөнгөвчлөх, ногоон гааль, дижиталчлал, цаасгүй худалдааны талаар гишүүн орнууд туршлага солилцож, хэлэлцүүлэг өрнүүлжээ.


Хуралдааны төгсгөлд Гадаад хамтын ажиллагааны хорооны 2025-2026 оны төлөвлөгөөг санал нэгтэй батлав. Монголын Гаалийн байгууллагын төлөөлөл “Худалдааг хөнгөвчлөх: Гаалийн шинэчлэл, Цахим үйлчилгээ, Хилийн боомтын шинэчлэл, Цаасгүй худалдаа, Нэг цонхны систем”-ийн талаар танилцуулж, бэрхшээлүүдийг хэрхэн шийдэх талаар бусад гишүүн орны Гаалийн байгууллагатай туршлага хуваалцсан юм.


АХБ-аас “Хилийн боомтын хатуу дэд бүтцийг хөгжүүлэх; Коридорын гүйцэтгэлийг хэмжилт, хяналтыг үргэлжлүүлэх; КАРЕК-ийн Дамжуулан өнгөрүүлэх, нийтлэг мэдээлэл солилцох систем туршилтын төслийн хамрах хүрээг хөгжүүлэх; Гаалийн дижитал шинэчлэлийг хөгжүүлэх”, зарим улсад Дэлхийн худалдааны байгууллагын “Худалдааны бодлого”-ыг хянан үзэхэд техникийн туслалцаа үзүүлэхээр болжээ.


Монголын Гаалийн байгууллагын төлөөлөл Монголд 2004, 2015 онд зохион байгуулсан ГХАХ-ны хуралдааныг онцлон, хамтын ажиллагааг хөгжүүлэн, олон шинэчлэлийг хуваалцан, 2026 оны намар Улаанбаатар хотод уулзахаар товлолоо.

Холбоотой мэдээ