“Улаанбадрах 300 МВт цахилгаан станц” төслийн ТЭЗҮ-ийг мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. “Эрдэнэс Монгол” ХХК-ийн мэргэжлийн зөвлөл Улаанбадрах 300 МВт цахилгаан станц” төслийн техник эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/-ийг хэлэлцэхээр бэлтгэж байна.
Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутагт орших “Баруун далай ордыг түшиглэн хэрэгжүүлэх, эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн шинжээчдийн саналыг тусгасан энэ төслийн шинжилгээний ажил 65, байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийх ажил 40 хувийн гүйцэтгэлтэй байна. Тус гидрогеологийн судалгаа дээжлэлтийн гүйцэтгэгчээр "Хужирт сэртэн" ХХК шалгарч, гэрээ байгуулжээ. Төслийг хэрэгжүүлснээр эрчим хүчний төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд жилд 1460-1890 сая кВт.ц эрчим хүч нийлүүлэх боломж бүрдэхээс гадна манай улсын эрчим хүчний аюулгүй байдлыг хангах, импортын хамаарлыг багасгах, тогтвортой эх үүсвэр бий болгоход чухал ач холбогдолтой юм.
Ташрамд дурдахад,
ордын ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийг өнгөрсөн долоодугаар сарын 22-нд
батлуулсантай холбогдуулан газар эзэмших захирамж гаргуулахаар Улаанбадрах
сумын ИТХ-д хүсэлт хүргүүлжээ.
Талбайн нөөцийг бүртгүүлэхээр маркшейдерийн компанийн судалгаа хийж байгаа аж.