Монгол Улсын байнгын ажиллагаатай парламентын 35 жилийн ойн өдөр тохиож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-09-13 11:15:08

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. 1990 оны долдугаар сард Монгол Улсад анх удаа олон намын оролцоотой анхны чөлөөт, ардчилсан сонгууль болж Ардын Их Хурлыг шинэчлэн байгуулж байв.

 

Энэхүү Ардын Их Хурал БНМАУ-ын Үндсэн хуулийн нэмэлтийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг баталж, энэ дагуу хууль тогтоох, хянан шалгах, зохион байгуулах эрх бүхий Улсын Бага Хурлыг байгуулсан юм. Улсын Бага Хурал хоёр хүрэхгүй жилийн хугацаанд шинэ Үндсэн хуулийн төслийг хүн төрөлхтний түгээмэл үнэт зүйлсэд тулгуурлан боловсруулж, нийгмийн харилцааг зохицуулах эрх зүйн үндсийг тодорхойлох шилжилтийн замыг туулсан бол 1992 онд байгуулагдсан УИХ нь нийт ард түмнээс сонгогдон байгуулагдаж, хууль тогтоох эрх мэдлийг дангаар хадгалсан, байнгын ажиллагаатай төрийн эрх барих дээд байгууллага болсноор Монгол Улсын парламентат ёсны хөгжлийг жинхэнэ утгаараа эхлүүлсэн гэж үздэг.

 

Улмаар 2023 оны Үндсэн хуулийн өөрчлөлтийн хүрээнд УИХ-ын 9 дэх удаагийн сонгуулиар анх удаа 126 гишүүнтэй парламент байгуулагдсан нь парламентын түүхэнд цоо шинэ хуудсыг нээсэн юм. Энэхүү тогтолцооны өөрчлөлт парламентын засаглал бэхжин төгөлдөржиж, ард түмний төлөөллийн чадавх сайжирч, төрийн бодлогод олон ургалч үзэл уралдуулах суурь нөхцөлийг бүрдүүлж, олон нам, нийгмийн бүлгийн төлөөллийг хангасан, ил тод, үр нөлөөтэй, орчин үеийн парламент төлөвших үндсийг тавьсан юм.

 

Шинээр бүрдсэн УИХ ирэх жилүүдэд баримтлах стратеги төлөвлөгөөний төслийг боловсруулж, УИХ-ын даргын зүгээс “Гурван төгөлдөршилийн бодлого” буюу хүн төвтэй, цаг үеийн шаардлагад нийцсэн, иж бүрэн бөгөөд ойлгомжтой зохицуулалттай хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх санаачилгыг дэвшүүлээд байна. Парламент бол ард иргэд өөрсдийгөө төлөөлөн эрх ашгаа даатгаж сонгосон итгэмжит төлөөлөгчдийн байгууллага бөгөөд бүх нийтийн хяналтад байдаг төрийн эрх барих, хууль тогтоох дээд байгууллага юм. Парламент гэдэг нь “ярих, хэлэлцэх” гэсэн утгатай англи үг бөгөөд хууль тогтоох-төлөөлөгчдийн дээд байгууллагыг илэрхийлдэг, дэлхий нийтэд түгээмэл хэрэглэгддэг хэвшмэл нэр томьёо юм.

 

Монголын парламентын хөгжлийн түүх харьцангуй богино хэдий ч улс орондоо ардчилсан шинэ нийгмийн харилцааг төлөвшүүлэх хууль, эрх зүйн үндэс суурийг бүрдүүлэхэд ихээхэн үйл хэргийг хийж, төлөвшүүлж ирсэн билээ.





Холбоотой мэдээ