ЗАВХАН: Бүсчилсэн хөгжлийн 7 төсөл хэрэгжиж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2025 оны есдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Завхан
аймагт бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд авто зам, дэд бүтцийн 7 төслийг эхлүүлжээ.
Завхан аймгийн Тэс сумын нутагт байрлах Арц суурь боомтын зэрэглэлийг нэмэгдүүлж дэд бүтцийг сайжруулах төсөл улсын төсвийн 73.0 тэрбум төгрөгийн өртгөөр хэрэгжинэ. Өнөөдрийн байдлаар техник эдийн засгийн үндэслэл зураг төсөв нь хийгдсэн байна.
Мөн баруун бүсийн тээвэр логистикийн төвийг Улиастай хотод
байгуулах техник эдийн засгийн үндэслэл зураг төсвийг хийж байна. Улиастайд
байгуулах хүүхэд, залуучуудын соёл амралтын хүрээлэн байгуулах техник эдийн
засгийн үндэслэл зураг төсвийг хийж байна. Хүүхэд залуучуудын парк, цэцэрлэгт
хүрээлэн байгуулж, ногоон байгууламжийг нэмэгдүүлснээр хүүхэд залуучууд чөлөөт
цагаа өнгөрүүлэх боломжтой болох юм.
Мөрөн-Улиастай-Алтай чиглэлийн 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын ажлын техник эдийн засгийн үндэслэл зураг төсөв, Ховд-Улиастай чиглэлийн хатуу хучилттай авто замын техник эдийн засгийн үндэслэл зураг төсвийг хийж байна.
Улиастай-Алтай, Арц суурь-Түдэвтэй чиглэлийн авто замын барилгын
ажлыг хийж байна. Энэ замыг ашиглалтад оруулснаар урд, хойд хөрш, Ази, Европыг
холбосон авто замын гурав дахь коридор бий болно. Эхний ээлжид Завханы
Цагаанхайрхан, Цагаанчулуут, Говь-Алтайн Тайшир, Завханы Түдэвтэй, Баянхайрхан,
Тэс, Баянтэс, Асгат сум хатуу хучилттай авто замд холбогдох юм.
Завхан аймгийн Тосонцэнгэл сумыг баруун бүсийн үйлдвэрлэлийн бүс болгох бодлогын хүрээнд “Үйлдвэр технологийн парк” байгуулах ажлыг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хийх юм. Техник эдийн засгийн үндэслэл зураг төсөв нь хийгдсэн байна. Баруун аймгуудтай аялал жуулчлалын шинэ маршрут бий болгох ажлын хүрээнд, Хомын хоолойн гүүр, Дөрвөлжин, Шилүүстэй сумуудад Завхан голын гүүр байгуулахаар зураг төслийн ажлыг хийж байна гэж Завхан аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсээс мэдээлэв.
Ташрамд, энэ онд улсын төсвийн нийт гурван их наяд гаруй төгрөгөөр
2.100 км авто зам барих төслийг шинээр эхлүүлэх юм. Шинээр эхлүүлэх замуудыг хилийн
боомт руу чиглэсэн, аймгийг аймагтай холбосон, аялал жуулчлалын гэж эрэмбэлжээ.