“Технологийн 7 хоног” эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. Монгол Улсад анх удаа олон улсын жишгийн дагуу зохион байгуулж буй “Технологийн 7 хоног” өнөөдөр эхэллээ.
“Digital First” уриан дор үргэлжлэх энэхүү эвентийн хүрээнд долоо хоногийн турш 21 аймаг болон нийслэлд технологийн салбарын хөгжил, инновац, бодлого, хөрөнгө оруулалтын боломжуудыг хэлэлцэх 50 гаруй үйл ажиллагаа зохион байгуулах юм. Өөрөөр хэлбэл, “Techweek-2025” нь харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хамгийн том эвент болох “ICT EXPO 2026”-гийн бэлтгэл гэдгийг зохион байгуулагчид онцолж байна.
Долоо хоногийн үйл ажиллагааны хүрээнд санхүүгийн технологийн компаниуд чуулж, салбарын шинэ шийдэл, инновацуудаа танилцуулахын сацуу ШУА-ийн эрдэмтэд Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах ухаалаг шийдлээ хэлэлцүүлж байгаа юм. Мөн төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia 5.0 шинэчлэгдсэн хувилбараа олон нийтэд танилцуулж, төрийн үйлчилгээг илүү ухаалаг түвшинд хүргэх алхам хийлээ. Түүнчлэн “Тэсо” компани Зүүн Өмнөд Азийн GRAB-тай стратегийн түвшний хамтын ажиллагааг тогтоож, санам бичигт гарын зурав. Ингэснээр олон улсад батлагдсан газрын зураг боловсруулах инновацыг Монгол Улсад нутагшуулахаар болж байна.
“Decentralized” буюу төвлөрсөн бус гэдгээрээ онцлог болж буй “Techweek”-ийн хүрээнд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлэг зохион байгуулах бөгөөд энэ сарын 26-нд Төрийн нэгдсэн чуулганаа хийх юм. Уг үйл ажиллагаагаар дамжуулан технологийн салбарын шинэ мэдлэг, инновац, ирээдүйн чиг хандлага, туршлага солилцох, хөрөнгө оруулалтын боломж болон төрөөс энэхүү салбарыг хөгжүүлэхэд баримталж буй бодлогын талаарх мэдээллийг авах боломжтой ажээ. Мэдээллийн технологийн үндэсний паркийн тогтоож буй энэхүү шинэ жишиг нь технологийн салбарын тогтвортой хөгжил, бодлого, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, инновацыг дэмжих, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой ажээ.
Мэдээлэл, технологийн үндэсний паркийн захирал Ж.Золзаяа ярихдаа, “Бид зөвхөн нэг үйл ажиллагаа зохион байгуулаад дуусгах бус үр дүнд суурилсан шийдэл, гарц гаргалгаан дээрээ нэгдэж, Төрийн ордонд мэдээлэл, технологийн салбарынхан чуулна. Хүмүүс технологи гэхээр ямарваа нэгэн хэрэглээний айдас байдаг. Таны амьдралыг илүү хөнгөн, энгийн болгоно гэдгийг ойлгуулахаас гадна технологи сонирхдог, шохоорхдог, оролддог бүхий л хүн энэ үйл ажиллагаанд оролцох боломжтой. Өнөөдрөөс эхлэн энэ сарын 25-ныг дуустал олон төрлийн үйл ажиллагаа зохион байгуулна. Харин Төрийн ордонд энэ сарын 26-нд ICT форумаар салбарынхан чуулах юм. Тэгээд ирэх жилийн “Тechweek” болоход бид баталсан, төлөвлөсөн ажлуудынхаа 80 хувийг хийж гүйцэтгэсэн байх болно” хэмээв.
“Технологийн 7 хоног”-ийн хүрээнд:
-Мэдлэг,
туршлага түгээх лекц,
хэлэлцүүлэг, сургалт зохион байгуулж, технологийн чиг хандлага, салбарын туршлагыг
хуваалцах
“Сүлжээ
бий болгох гарааны бизнес,
хөрөнгө оруулагч, технологийн мэргэжилтэн, бодлого боловсруулагч, олон улсын
хамтрагчдыг нэг дор уулзуулах
-Шинэ
технологи танилцуулах Start-up pitch, демо шоугоор дамжуулан шинэ бүтээгдэхүүн,
үйлчилгээг олон нийтэд хүргэх
-Хамтын
ажиллагаа тэлэх
-Инновац, хөрөнгө оруулалт, хамтын хөгжилд чиглэсэн шинэ түншлэлүүд үүсгэх зэрэг үйл ажиллагаа болно. Өдөр бүрийн хөтөлбөрийн тухай мэдээллийг tech-week.mn сайтаас авч болох ажээ. Үйл ажиллагаа үнэ төлбөргүй учраас иргэд нээлттэй оролцох боломжтойг зохион байгуулагчид онцоллоо.