Шинээр 9 байршилд үерийн хамгаалалтын далан, шугам сүлжээ байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-09-29 14:54:18

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар нийслэлийн 9 байршилд үерийн хамгаалалтын далан, сувгийн барилга байгууламж, борооны ус зайлуулах шугамыг шинэчилж өргөтгөнө.


Техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ) болон байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээний баримт бичиг боловсруулах ажлын даалгаварыг батлаад буй энэ төслийг хоёр багц болгон хэрэгжүүлэх юм. Тухайлбал, Багц -1 ажлын хүрээнд үерийн хамгаалалтын далан, сувгийг шинэчлэх бол Багц-2 төслөөр бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүй доторлох, шинэчлэх технологи нэвтрүүлнэ. Төслийн ТЭЗҮ, байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ боловсруулах гүйцэтгэгчээр Хот төлөвлөлт, судалгааны институт ОНӨААТҮГ шалгарч, Дэлхийн банктай гэрээ байгуулж байна. Одоогоор эхлэлийн тайланг засаж дуусган, захиалагч болон Дэлхийн банканд хүргүүлж, санал зөвлөмж авчээ. Ирсэн саналыг тусган эхлэлийн болон дундын тайланг захиалагчид хүргүүлэх аж. Төслийн хүрээнд үерийн хамгаалалтын барилга байгууламж, борооны ус зайлуулах төв магистраль шугам барих юм.


Хүн амын хэт төвлөрөл, төлөвлөлтгүй суурьшил, уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалан нийслэлд ус үерийн хохирол өргөн хүрээг хамарч, иргэдийн амь нас, эрүүл мэнд, хотын дэд бүтцэд нөлөөлөх эрсдэлтэй тул үерийн хамгаалалт, хөрсний усны асуудлыг цогцоор нь шийдэх шаардлага бий болсон. Иймд “Улаанбаатар хотын үерийн эрсдлийг бууруулах” төсөл хэрэгжүүлэх хүрээнд 22 байршилд үерийн хамгаалалтын барилга байгууламж, борооны ус зайлуулах шугам сүлжээний ажлыг хийхээр төлөвлөжээ.

Холбоотой мэдээ