Эмч нар цалин нэмэхгүй бол ажил хаяхаа мэдэгдлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-10-09 15:30:28

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Эмч, эмнэлгийн ажилтнууд цалин нэмэхийг шаардан Д.Сүхбаатарын талбайд өнөөдөр жагслаа.


Тэд үндсэн цалингаа 3.5 сая төгрөг болгох, нийгмийн асуудлыг нь анхаарахыг уриалав. Уг жагсаал зөвхөн нийслэлд бус орон даяар нэгэн зэрэг эхэлсэн юм. Жагсагчдын төлөөлөл хэлэхдээ, “Эмч нарын үндсэн цалинг 3.5 сая төгрөгт хүргэх нь гурван жилийн өмнөх зорилго байсан. Эрүүл мэндийн салбарт төсвөөс зарцуулах хувийг нэмэгдүүлэх шаардлагатай. Эмч, ажилчдын цалин бага атлаа аюулгүй ажиллагаа хангалтгүй, хөдөлмөр хамгааллын иж бүрэн хувцсаар бүрэн хангаагүй. Зарим эмнэлэг сүүлийн таван жилд нормын хувцас аваагүй” гэж онцоллоо.


Мөн тэд эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгө хүрэлцэхгүйгээс эмнэлгүүдийн засвар, үйлчилгээ саатаж байгааг дурдав. Иймээс эдгээр асуудлыг улсын төсөвт тусгаж, шийдвэрлэхийг шаардлаа. Уг жагсаалд эрүүл мэнд болон боловсролын салбарын төлөөлөл хамт оролцож “Хэрэв бидний шаардлагыг сонсохгүй бол тэмцлийн дараагийн шат буюу ажил хаялтад шилжинэ” гэсэн бөгөөд энэ сарын 17-ноос өмнө ямар нэгэн шийдэлд хүрэхгүй бол орон даяар ажил хаяхаа зарлав.


Ташрамд дурдахад, ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэгийн багш, ажилчдын тайван жагсаал тав дахь өдрөө үргэлжилж байгаа юм.





Холбоотой мэдээ