УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо Ерөнхий сайдыг огцруулах тухай саналыг хэлэлцэж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-10-10 19:36:45

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулах саналыг хэлэлцлээ.

 

Ерөнхий сайдыг огцруулах тухай саналыг УИХ-ын гишүүн П.Сайнзориг танилцуулав. УИХ-ын гишүүд бид Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.11 дэх заалтад заасан бүрэн эрхийнхээ дагуу дараах үндэслэлээр Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах саналыг гаргаж байна хэмээгээд үндэслэлүүдээ танилцуулав.

 

Тэрбээр үндэслэлдээ Ерөнхий сайд Г.Занданшатар УИХ болон Ерөнхийлөгчид Хууль зүй, дотоод хэргийн сайдыг огцруулах асуудлыг болон Хууль зүй, дотоод хэргийн сайдыг шинээр томилох асуудлыг танилцуулаагүй байхдаа Хууль зүй, дотоод хэргийн сайдыг “томиллоо” гэж олон нийтэд албан ёсоор зарласан нь Ерөнхийлөгчийн болон УИХ-ын бүрэн эрхэд халдсан, Үндсэн хуулийн суурь зарчмыг хөндсөн,  хууль дээдлэх зарчмыг зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. 

 

Засгийн газрын гишүүнийг томилох, огцруулахад УИХ, Ерөнхийлөгчид урьдчилж танилцуулах нь төрийн эрх мэдлийн салаа мөчир болох институц хоорондын харилцаа төдийгүй, төрийн эрх мэдлийн хуваарилалт, төрийн эрх мэдэл хоорондын харилцан хяналт тэнцэлтэй байх зарчмыг хангаж байгаа явдал юм. Үүнийг үл ойшоон Ерөнхий сайдын “онцгой бүрэн эрхийнхээ” хүрээнд “Хууль зүй, дотоод хэргийн сайдыг томиллоо” гэсэн нь Үндсэн хуулийн суурь зарчмын нэг болох төрийн эрх мэдэл хуваарилах зарчмыг алдагдуулж, Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн “Монголын Ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” гэснийг зөрчсөн үйлдэл болсон гэж үзэж байна гэлээ.  

 

УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Ерөнхий сайд нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн, Засгийн газрын тэргүүн, төрийн өндөр хариуцлагатай албан тушаалтны хувьд олон нийтэд зориулж албан мэдэгдэл хийхдээ Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлд заасан “Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно” гэснийг, Дөчин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ерөнхий сайд, УИХ-ын ба Засгийн газрын гишүүн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй”  гэснийг тус тус зөрчин бусдын гэм бурууг тогтоосон агуулгатай мэдэгдэл хийснээрээ Үндсэн хуульд заасан шүүх эрх мэдлийн бүрэн эрхэд халдсан шинжтэй төдийгүй, Үндсэн хуульт ёс, хууль дээдлэх зарчмыг үгүйсгэж байна.

 

Тодорхой хэрэг, маргааныг хянан шийдвэрлүүлэхээр Хууль зүй, дотоод хэргийн сайдыг томиллоо гэсэн агуулгатай түүний мэдэгдэл нь Ерөнхий сайдын албан тушаалын бүрэн эрхийг хэтрүүлсэн, шударга ёсны зарчмыг өөртөө ашигтай байдлаар сонгож ашигласан /selective justice/, Хууль зүй, дотоод хэргийн сайдын бүрэн эрхэд хамаарахгүй ажил үүргийг хариуцуулах шинжтэй байна. Ерөнхий сайдын энэхүү үйлдэл нь парламентын засаглалтай Үндсэн хуульт ёсыг гажуудуулах, “хүн” биш “хууль” засагладаг байх нийгмийн хүсэл зоригийн эсрэг жишиг болж үлдэх эрсдэлийг бий болголоо. Мөн Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 3-т “Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд Засгийн газрын үйл ажиллагааны үндсэн болон тодорхой хүрээний ажил эрхэлнэ. Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүний эрхлэх үндсэн хүрээний ажлыг энэ хуулиар, тодорхой ажлыг бусад хуулиар зохицуулна” гэж заасантай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэж заасантай нийцэхгүй байна гэж танилцуулав.

 

Тэрбээр, Засгийн газар 2025 оны наймдугаар сарын 20-нд баталсан 55 дугаар тогтоолоороо нүүрс, төмөр, хайлуур жонш экспортлогч аж ахуй нэгж нь тухайн сардаа ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр /АМНАТ/ төлөхдөө бүтээгдэхүүний дөрөвний нэгийг уул уурхайн биржээр арилжаалсан тохиолдолд нийт экспортод гаргасан бүтээгдэхүүний АМНАТ ногдуулах борлуулалтын үнэлгээг биржээр борлуулсан үнэлгээгээр буюу бага үнээр тооцохоор зохицуулжээ.   

 

Ингэснээрээ тодорхой этгээдүүдэд давуу байдал үүсгэсэн, шударга бус өрсөлдөөнийг хөхиүлэн дэмжсэн, далд эдийн засгийг дэмжсэн, уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаанаас ухарсан шийдвэр болсон байна. Мөн энэхүү тогтоол нь Үндсэн хууль, Татварын ерөнхий хууль, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль, Хууль тогтоомжийн тухай хууль, холбогдох бусад эрх зүйн акттай тус тус зөрчилдөж байна.


Үүнээс гадна улсын төсөвт мөн төрлийн бүтээгдэхүүний АМНАТ-аас төвлөрүүлэх орлогыг бууруулах нөхцөлийг бүрдүүлж, улс орны эдийн засагт хохиролтой шийдвэр болсон төдийгүй Төсвийн тухай хуулийн 6.2.5-д “Төсвийн жилийн дундуур орлого бууруулах, зарлага нэмэгдүүлэх үр дагавартай бодлогын аливаа шийдвэр гаргасан бол түүнийг дараагийн төсвийн жилээс хэрэгжүүлнэ” гэснийг зөрчиж Засгийн газар тогтоолоо баталсан байна.

 

“Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино” гэсэн Үндсэн хуулийн Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан Үндсэн хуульт ёсыг хамгаалж, төлөөллийн, хууль тогтоох дээд байгууллага болох парламентын дархлааг бэхжүүлэх нь УИХ-ын гишүүдийн үүрэг юм. 

 

Иймд УИХ-ын гишүүд бид Ерөнхий сайд Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Дөчин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын холбогдох зохицуулалт болон Засгийн газрын тухай хууль, Татварын ерөнхий хууль, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль, Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох заалтыг заасныг зөрчсөн гэж үзэж, Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.11 дэх заалтад заасан бүрэн эрхийнхээ дагуу Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах саналыг албан ёсоор тавьж байна гэлээ.


Ерөнхий сайдыг огцруулах тухай саналтай холбогдуулж УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. Ингээд ажлын цаг дууссан тул байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир хуралдааныг түр завсарлуулж, ирэх долоо хоногийн даваа гарагт үргэлжлүүлэхээр болсныг мэдэгдлээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
Холбоотой мэдээ