МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ
МЭДЭЭЛЛИЙН АГЕНТЛАГ

Улаанбаатарт 1 кг үхрийн цул махыг 24364 төгрөгөөр худалдаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
erdenebat@montsame.mn
2025-10-13 11:33:05

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд  инфляцын түвшин буюу хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2025 оны 9 дүгээр сард 9 хувь болж, өсөлтийн хурд 2024 оны мөн үеийнхээс 2.7 нэгж хувиар өссөнийг  Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.


Инфляцын түвшин 9 хувь гарсны  2.8 (31.4%) нэгж хувь нь хүнсний бараа, ундаа, усны бүлэг, 1.9 (20.5%) нэгж хувь нь орон сууц, ус, цахилгаан, түлшний үнийн нэмэлтээс болжээ.


Мөн барааны бүлгийн үнэ 7 хувь, үйлчилгээний бүлгийн үнэ 15 хувь, хүнсний бүлгийн үнэ 10.4 хувь, хүнсний бус барааны бүлгийн үнэ 8.5 хувиар нэмэгджээ. Төвийн бүсэд барааны бүлгийн үнэ 7.5 хувь, Улаанбаатар хотод үйлчилгээний бүлгийн үнэ 16.2 хувь, хүнсний бүлгийн үнэ 11.2 хувь, хүнсний бус бүлгийн үнэ 9.4 хувиар өссөн нь хамгийн ихэд тооцогджээ.


Улсын инфляцад бензин, түлшнээс бусад импортын барааны үнэ 2.2 нэгж хувиар, мах, хатуу түлшнээс бусад дотоодын барааны үнэ 5.3 нэгж хувиар нөлөөлсөн аж.


Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 0.2 хувиар өсөхөд гэр ахуйн тавилга, гэр ахуйн барааны бүлгийн үнэ 1.9 хувь, хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ 0.8 хувиар нөлөөлсөн байна.


Улсын хэмжээнд хэрэглээний бараа, үйлчилгээний сагсанд нийт 430 нэр төрлийн бараа, үйлчилгээ, судалдаг. Эдгээр нэр төрлийн бараа, үйлчилгээний 238 нь импортын бараа байгаа юм. Энэ нь нийт сагсны 55.3 хувь болжээ.


Мах, махан бүтээгдэхүүний үнэ 2024 оны мөн үеийнхээс 14.5 хувиар өсөхөд үхрийн махны үнэ 16.8 хувиар, хонь, ямааны махны үнэ 15.2 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ. Талх, гурил, будааны үнэ 2024 оны мөн үеийнхээс 6.5 хувиар өсөхөд талх, нарийн боовны үнэ 8.6 хувиар, гоймонгийн үнэ 17.5 хувиар нөлөөлсөн байна.


Улаанбаатар хотын хэмжээнд 418 нэр төрлийн бараа, үйлчилгээний үнийг судалж инфляц тооцдог. Хотод хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2024 оны мөн үеийнхээс 9.9 хувиар өслөө.


Нийслэлийн инфляцад бензин, түлшнээс бусад импортын барааны үнэ 1.9 нэгж хувь (19.5%), мах, хатуу түлшнээс бусад дотоодын барааны үнэ 6.4 нэгж хувиар (65.4%) тус тус нөлөөлжээ.


Мөн худалдаж буй үхрийн цул 1 кг махны дундаж үнэ 9 дүгээр сард 24364 төгрөг болжээ. Энэ нь 2023 оны 9 дүгээр сарынхаас 29.7 хувиар, 2024 оны 9 дүгээр сарынхаас 18.3 хувиар, өмнөх 8 дугаар сарынхаас 127 төгрөгөөр нэмэгдсэн байна. 1-р зэргийн гурилын дундаж үнэ 9 дүгээр сард 2449 төгрөг болжээ. Энэ нь 2023 оны 9 дүгээр сарынхаас 1.8 хувиар, 2024 оны 9 дүгээр сарынхаас 3.7 хувиар, өмнөх 8 дугаар сарынхаас 1.2 хувиар өсжээ.


Нэг литр АИ-92 бензиний дундаж үнэ 2025 оны 9 дүгээр сард 2590 төгрөг болж, 2024 оны 9 дүгээр сарынхаас 200 төгрөгөөр нэмэгджээ. Харин өмнөх сарынхаас өөрчлөлтгүй. Орон нутагт хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 9 дүгээр сард 2024 оны мөн үеийнхээс 6.1-10.0 хувиар өсжээ.


Булган аймагт хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 9 дүгээр сард 6.1 хувиар өссөн нь хамгийн бага, Ховд аймагт 10 хувиар өссөн нь хамгийн их байна.

Холбоотой мэдээ