МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ
МЭДЭЭЛЛИЙН АГЕНТЛАГ

Монгол Улсын Ерөнхийлөгч Энэтхэгт хүрэлцэн ирлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ДЭЛХИЙД БИДНИЙ ТУХАЙ
khulan@montsame.gov.mn
2025-10-14 18:25:44

ШИНЭ ДЕЛИ, 2025 оны аравдугаар сарын 14 /StratNews Global/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсад дөрөв өдрийн төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ. У.Хүрэлсүх үүрэгт ажилдаа орсноосоо хойш анх удаа тус улсад айлчилж байна. 


Энэтхэгийн Ерөнхийлөгч Дроупади Мурмугийн урилгаар хэрэгжиж буй энэхүү айлчлал нь эрчим хүч, батлан ​​хамгаалах, чухал ашигт малтмалын олборлолт зэрэг салбарт Энэтхэг, Монгол хоорондын харилцаа улам бэхжиж байгааг харуулж байна.


Монгол Улсын төрийн тэргүүн У.Хүрэлсүх Ерөнхий сайд Нарендра Модитой албан ёсны хэлэлцээ хийхээс гадна Дэд ерөнхийлөгч П.П.Радхакришнан, Батлан ​​хамгаалахын сайд Ражнат Сингх, Гадаад хэргийн сайд С.Жайшанкар нартай уулзана. Монгол Улсын Ерөнхийлөгчийг Засгийн газрын сайд нар, хууль тогтоогчид, бизнесийн салбарын манлайлагчид дагалдан иржээ.


Хоёр улс дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан хийж буй энэхүү айлчлал нь хоёр талын харилцаанд гарсан ахиц дэвшлийг дүгнэх, стратегийн шинэ чиглэлийг тодорхойлох зорилготой бөгөөд энэ хүрээнд уул уурхай, дижитал хамтын ажиллагаа, сэргээгдэх эрчим хүч, батлан ​​​​хамгаалах зэрэг салбарт  гэрээ хэлэлцээр байгуулахаар төлөвлөж байна.


Энэхүү айлчлал нь БНХАУ, ОХУ-аас бусад улс оронтой харилцаагаа төрөлжүүлэх зорилготой Монгол Улсын “Гуравдагч хөрш”-ийн бодлого болон Зүүн ба Төв Азийн орнуудтай харилцаагаа бэхжүүлэх зорилго бүхий Энэтхэгийн “Act East” бодлого хоорондын уялдаа гүнзгийрч байгааг онцлон харуулж байна. Энэтхэгийн Гадаад хэргийн яам хоёр улсыг “соёл иргэншлийн нийтлэг үнэт зүйлс, стратегийн үзэл баримтлалыг хуваалцдаг оюун санааны хөршүүд” гэж тодорхойлсон байдаг.


Монголын ашигт малтмал, ялангуяа газрын ховор элемент, коксжих нүүрсийг Энэтхэгт нийлүүлэх боломжийг нэмэгдүүлэх хэлэлцээрүүдийг байгуулах төлөвтэй байна. “JSW Steel”, “SAIL” зэрэг Энэтхэгийн компаниуд “Тавантолгой” уурхайгаас урт хугацааны нийлүүлэлтийн гэрээ хэлэлцээрүүдийг судалж байгаа бөгөөд энэ нь Энэтхэгийн цэвэр эрчим хүч, үйлдвэрлэлийн зорилтод чухал ач холбогдолтой гэж үзэж байна.


Эдийн засгийн хамтын ажиллагааны гол төсөл нь Дорноговь аймагт Энэтхэгийн 1.7 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн шугамаар санхүүжин баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэр юм. Уг үйлдвэр нь 2026-2027 он гэхэд ашиглалтад орсноор Монголын шатахууны хэрэгцээний 60 гаруй хувийг хангаж, Оросын импортоос хараат байдлыг бууруулах юм.


Монгол Улсын далайд гарцгүй байршил нь логистикийн хувьд саад бэрхшээл учруулж байгаа боловч тээврийн харилцаа холбоо аажмаар сайжирч байна. Ирэх 11 дүгээр сараас Монголын агаарын тээврийн МИАТ компани Сингапур руу шууд нислэг үйлдэх бөгөөд ингэснээр Энэтхэг болон Зүүн Өмнөд Азитай харилцааг бэхжүүлнэ. Хоёр талын худалдааны эргэлт 2024 онд 110 сая ам.долларт хүрсэн бөгөөд талууд мэдээллийн технологи, эм зүй, дижитал үйлчилгээ зэрэг салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг зорьж байна.


“Нүүдэлчин заан”, “Хааны эрэлд” зэрэг цэргийн сургуулилалтаар батлан ​​хамгаалах салбарын хамтын ажиллагаа өргөжин хөгжиж, Монгол Улс саяхан Энэтхэгт анхны Батлан ​​хамгаалах атташегаа томилжээ. 


Стратегийн асуудлуудаас гадна, хоёр орны түншлэлийн харилцаанд Буддын шашны өв уламжлал мөн хүчтэй нөлөөлдөг. Энэтхэгт Монголын 400 гаруй лам хуврагууд суралцаж байгаа бөгөөд эрдэм шинжилгээний хамтын ажиллагаа, баяр наадмаар дамжуулан соёлын солилцоо үргэлжилсээр байна. “Ганга мөрний уянга” бүжгийн 25 дахь удаагийн уралдаанд Монголын 450 гаруй төлөөлөгч оролцжээ. Мөн боловсрол, эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагаа өргөжин тэлж, визийн хөнгөлөлттэй журмын дагуу Энэтхэгт эмчлүүлэх монгол өвчтөнүүдийн тоо нэмэгдэж байна.


Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчлалын үеэр ашигт малтмалын урт хугацааны экспорт, ногоон эрчим хүчний хамтын ажиллагаа, дижитал инновац, боловсрол, соёлын аялал жуулчлалыг хамарсан хэлэлцээрүүдийг байгуулснаар түншлэлийг бэхжүүлж, Энэтхэг, Монголын харилцааг гүнзгийрүүлж, илүү прагматик болгох үндэс суурийг тавих төлөвтэй байна.

Холбоотой мэдээ