Төгрөгийн хадгаламж 23.5 их наяд төгрөгт хүрчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
erdenebat@montsame.mn
2025-10-15 10:08:40

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Банкин дахь төгрөгийн хадгаламж 2025 оны 9 дүгээр сарын эцэст 23.5 их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь 2024 оны мөн үеийнхээс 2.9  их наяд төгрөгөөр нэмэгдсэнийг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.


Төгрөгийн хадгаламжийн 20.2 их наяд төгрөг нь иргэдийнх, 3.3 их наяд төгрөг нь аж ахуйн нэгж, байгууллагынх байна. Валютын хадгаламж 5.3 их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь оны мөн үеийнхээс 18.4 (819.6 тэрбум төгрөг) хувиар өсжээ.


Нийт зээлийн үлдэгдэл 43 их наяд төгрөг байна. Энэ нь 2024 оны мөн үеийнхээс 7.8 их наяд төгрөгөөр их байгаа аж.

Зээлийн өрийн үлдэгдлийн 59.6 хувь нь иргэдийнх, 38.5 хувь нь хувийн байгууллага, 0.8 хувь нь төрийн байгууллага, 1.1 хувь нь бусад байна.


Хэвийн зээлийн өрийн үлдэгдэл 38.9 их наяд төгрөг болжээ. Энэ нь 2024 оны мөн үеийнхээс 21.7 хувиар өсжээ. Мөн төрлийн  зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 90.4 хувийг эзэлсэн.


Анхаарал хандуулах зээлийн өрийн үлдэгдэл 1.9 их наяд төгрөгт хүрсэн. Энэ нь 2024 оны мөн үеийнхээс 609.3 тэрбум төгрөгөөр нэмэгджээ. Тухайн төрлийн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 4.4 хувьтай тэнцсэн аж.


Чанаргүй зээлийн өрийн үлдэгдэл 2.2 их наяд төгрөг болжээ. Энэ нь 2024 оны мөн үеийнхээс 12 хувиар (237.8 тэрбум төгрөг) өсжээ. Ийм төрлийн  зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 5.2 хувь байна.


Арилжааны банкнууд болон Монголын Ипотекийн корпорацаас иргэдэд олгосон ипотекийн зээлийн үлдэгдэл 2025 оны 8 дугаар сарын эцэст 10.6 их наяд төгрөгт хүрсэн юм. Энэ нь  2024 оны мөн үеийнхээс 1.7  их наяд төгрөгөөр нэмэгджээ.


Ипотекийн зээлийн үлдэгдлийн 97.2 (10.3 их наяд төгрөг) хувийг хэвийн зээл, 1.9 (197.1 тэрбум төгрөг) хувийг анхаарал хандуулах зээл, 0.9 (97.6 тэрбум төгрөг) хувийг чанаргүй зээл эзэлж байна


Мөн гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө урьдчилсан гүйцэтгэлээр 1.2 их наяд төгрөгт хүрсэн. Энэ нь 2024 оны мөн үеийнхээс 37.6 тэрбум төгрөгөөр буурчээ.


Урьдчилсан гүйцэтгэлээр мөнгөний нийлүүлэлтийн 16.2 хувийг гадаад цэвэр актив, 83.8 хувийг дотоод цэвэр актив бүрдүүлсэн байх юм.


Гадаад цэвэр актив урьдчилсан гүйцэтгэлээр 7.2 их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь 2024 оны мөн үеийнхээс 1.3 их наяд төгрөгөөр буурсан аж.


Дотоод цэвэр актив 37.0 их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь 2024 оны мөн үеийнхээс 3.6 их наяд төгрөгөөр нэмэгджээ.

Холбоотой мэдээ