СЭЛЭНГЭ: Хамгийн эко, гайхамшигтай сууц бол монгол гэр юм

МУЗЕЙН ҮНЭТ ӨВ
otgontsetseg@montsame.mn
2025-10-19 12:36:29

Сүхбаатар, 2025 оны аравдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. "Соёлын орон зай-Бидний орчин" аяны хүрээнд Сэлэнгэ аймгийн Нэгдсэн музейгээс Монгол өв уламжлал, зан заншлаа таниулах, сурталчлах зорилгоор Монгол гэрийн үүсэл, бүтэц, гайхамшгийг танилцуулж байна.    

 

Монгол гэрийг нэг цаг орчимд барьж, түүнээс бага хугацаанд буулгаж болдог тул нүүх, зөөх, тээвэрлэхэд маш хялбар юм.

 

Түүнчлэн монгол гэрийг барихад ямар ч төмөрлөг хийц ороогүй, дан хонины ноосон эсгий, модон эдлэл орсон байдаг учраас хүний биеийн эрүүл мэндэд сайн, гаж нөлөөгүй гэдгээрээ онцлогтой юм.

 

Мөн монгол гэрт агаарын солилцоо хамгийн их явагддаг учир байнга цэвэр агаарын солилцоо үргэлж явагддаг. Мөн дуу чимээ тусгаарлах чадвартай, учир нь дугуй хана, дээвэртэй, эсгий бүрээстэй байдгаас дугуй гэрт дууны долгион бага нэвтэрдэг байна.

 

Монгол гэр нь газар хөдлөлтөд хамгийн тэсвэртэй юм. Гэрийн ханын шийр олон, газарт шигдэж байдаг, модон тулгуурууд нь угсармал учраас хөдөлгөөнд уян хатан тул газар хөдлөлтөд хамгийн тэсвэртэй байдгаараа аюулгүй юм.

 

Мөн монгол гэр нь байгальд нэн ээлтэй эко сууц гэдгээрээ гайхалтай. Монголчууд нүүдэл суудал хийх үедээ гэрийн бууриа сайтар цэвэрлэн үлдээдэг болохоор маш түргэн байгалийн жамаар нөхөн төлждөг байна.

 

Энэ мэт монгол гэрийн гайхамшиг дахин давтагдашгүй гэдгээрээ дэлхийд алдартай сууц юм.

 

Холбоотой мэдээ