ДАРХАН-УУЛ: Ирэх хавар худалдаанд гаргах 102 тн мах нөөцөлнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2025-10-23 14:29:57

Дархан, 2025 оны аравдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Махны үнийн өсөлтийг тогтворжуулах, иргэдийн худалдан авалтад зориулан үйлдвэрийн аргаар боловсруулж савласан мах худалдаанд гаргадаг. Ирэх хавар худалдах 102 тн мах нөөцлөхөөр аймгийн ЗДТГ "Дархан мах эрдэнэ комбинат" ХХК-тай гэрээ байгуулжээ.


Нөөцийн мах бэлтгэхэд зориулж 300 сая төгрөгийг орон нутгийн төсөвт баталсан гэж аймгийн ХХААГ-ын дарга Т.Ганболд мэдэгдлээ.


Жил бүрийн хавар махны нийлүүлэлт багасдаг, түүнийг дагаж үнэ нэмэгддэг тул иргэдийн хэрэглээнд тохируулан хонь, үхэр, ямааны махыг 2 болон 3 килограммаар савлан хүнсний дэлгүүрүүдтэй гэрээ байгуулж, хүртээмжтэй байдлаар худалддаг.


Үнийн тухайд захиалагч болон нийлүүлэгч талуудын хамтын шийдвэрээр худалдаанд гаргахаас өмнө тохирдог байна. Шалгаруулалтад тэнцсэн дээрх компани 12 дугаар сард багтаан махаа нөөцөлж дуусгах бөгөөд хадгалалтын нөхцөл, хөргөлтийн систем, эрүүл ахуйн шаардлагад хяналт тавих комисс ажиллана гэв.  


Ташрамд, өнгөрсөн хавар нөөцийн мах худалдаанд гаргаагүй бөгөөд жилд дунджаар 130-200 тн мах бэлтгэдэг байсан гэж  аймгийн ХХААГ-аас мэдэгдэв.

Холбоотой мэдээ