Улаанбаатар-Сингапурын чиглэлд шууд нислэг үйлдэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-10-28 10:34:13

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Зам тээврийн сайдын шуурхай зөвлөгөөний үеэр Монгол Улсын агаарын замд дахин нэг шинэ нислэг хийхэд бэлэн болсныг МИАТ компаниас зарлалаа.


Тодруулбал, МИАТ компаниас 11 дүгээр сарын 4-нд Улаанбаатар-Сингапур чиглэлд анхны нислэг хийх юм.


Өчигдрийн байдлаар тус компани 3526 нислэгээр нийт 983 мянган зорчигч тээвэрлэсэн бөгөөд энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 2.7 хувиар өссөн үзүүлэлт аж. Үүнээс гадна 8579 тонн ачаа тээвэрлэсэн байна.


МИАТ компанийн гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир ярихдаа, “Манай компани өнөөдрийн байдлаар олон улсын 14, орон нутгийн найман чиглэлд нислэг үйлдэж байна. Өдөрт дунджаар 10 нислэгтэй. Урин дулааны улиралд өдөрт 25-30 нислэг үйлддэг бол өвлийн цагийн хуваарьт хоёр хоногийн өмнө шилжсэнээр зарим хотын нислэгийн тоо буурсан. Тухайлбал, Сөүл чиглэлийн нислэгийн тоо буурч өдөрт хоёр, долоо хоногт 14 удаагийн нислэг үйлдэж байна” гэв.


Тэгвэл МИАТ компанийн үйлдэх олон улсын 15 дахь чиглэлийн нислэг нь Улаанбаатар-Сингапур болох нь ээ.


Ташрамд дурдахад, 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс “Чингис хаан” олон улсын нисэх буудлын хөөрөх, буух болон бусад дагалдах хураамжийн үнэ хоёр улсын Концессын гэрээний дагуу өсөж байгаа аж. Тухайлбал, хураамжийн үнэ өнөөдрийн байдлаар 17 мянган төгрөг байсан бол ирэх оны эхний өдрөөс 18 ам.доллар болж нэмэгдэх юм. Энэ нь дэлхийн бусад нисэхийн компаниудын зах зээлийн үнээс даруй 2-3 дахин өндөр байгаа аж. 

Холбоотой мэдээ