Монгол Улс НҮБ-ын 1325 тогтоолыг хэрэгжүүлэх үндэсний төлөвлөгөөг боловсруулж эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн Эмэгтэйчүүд, энх тайван ба аюулгүй байдлын тухай 1325 тогтоолыг хэрэгжүүлэх үндэсний төлөвлөгөө боловсруулах ажлыг эхлүүлэх үйл ажиллагаа ГХЯ-нд өнөөдөр боллоо.
Энэ нь Монгол Улс дахь хүний эрхийн төлөв байдлын хоёр дахь удаагийн илтгэлийг хэлэлцэж, 2015 онд НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн Хүний эрхийн түгээмэл нэгдсэн хэлэлцүүлгээс өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлэх ач холбогдолтой юм. Мөн эмэгтэйчүүд, энх тайван ба аюулгүй байдлын тухай 1325 тогтоолыг хэрэгжүүлэх Монгол Улсын Засгийн газрын зориг эрмэлзлийг нотлох, төлөвлөгөөний тэргүүлэх чиглэлийг тодорхойлох, дотоод, гадаадын түншүүдийг хамтран ажиллахад уриалах, олон нийтэд мэдээлэл түгээхэд оршиж байна.
Зэвсэгт хүчний жанжин штабын Энхийг дэмжих, цэргийн хамтын
ажиллагааны хэлтсийн дарга Д.Мягмаржав ярихдаа, “Монгол
Улсын Зэвсэгт хүчин 2006 оноос НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд эмэгтэй алба
хаагчдаа оролцуулж эхэлсэн. Сьерра-Леон, Дарфур, Афганистан зэрэг улс оронд
үүргээ амжилттай гүйцэтгэсэн. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын Зэвсэгт хүчнээс
нийт найм, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд 900 гаруй цэргийн алба хаагч үүрэг
гүйцэтгэж байна. Үүний 14.2 хувийг эмэгтэй энхийг сахиулагчид эзэлж, ажиллагааны
бүс нутаг, дүүргүүдэд төрөл бүрийн албан тушаалд амжилттай ажиллаж байна. Цаашид
Зэвсэгт хүчин НҮБ-ын зорилтын дагуу эмэгтэй энхийг сахиулагчдын оролцоог
нэмэгдүүлж, 2028-2030 он гэхэд 15 хувьд хүргэж, чадавхыг бэхжүүлэх чиглэлд ажиллаж байна” гэлээ.
Харин “Хил хязгааргүй алхам” ТББ-ын тэргүүн Н.Баярсайхан хэлэхдээ,“НҮБ-ын 80 жилийн ой, “Энх тайван,
аюулгүй байдал ба эмэгтэйчүүд” тогтоолын 25 жилийн ойг тохиолдуулан гишүүн
орнууд уг тогтоолыг хэрэгжүүлэх үндэсний төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжүүлэх
үүрэгтэй. Энэ хүрээнд өнөөдөр бүх салбарын төлөөллийг оролцуулсан уулзалт болж,
зөрчил, аюулгүй байдлын эрсдэлийг тодорхойлж, нэгдсэн ойлголтод хүрэхийг зорьж
байна. Монгол Улс дайн дажин үгүй ч дотоодын үл ойлголцол, нийгмийн зөрчил
оршсоор байна. “Хил хязгааргүй алхам” ТББ уул уурхай, байгаль орчны салбар дахь
оролцогч талуудын зөрчлийг шийдвэрлэх чиглэлээр ажилладаг. “Хамтын оролцоотой
байгаль орчны мониторинг” аргачлалыг боловсруулсан. Энэ аргачлал нь уул уурхай,
мал аж ахуйн салбарын хоорондын зөрчлийг бууруулж, эмэгтэйчүүд, охидын эрхийг
хамгаалахад чиглэдэг. Арван жилийн турш хэрэгжүүлсний үр дүнд орон нутгийн захиргаа,
төр, хувийн хэвшил, малчдын хооронд эерэг өөрчлөлт гарсан байна. Мөн байгаль
орчны нөлөөллийн үнэлгээнээс гадна нийгэм, соёлын эрсдэлийг урьдчилан илрүүлж,
хуульчлах шаардлагатай. Үүнтэй зэрэгцэн УИХ холбогдох хуулийн нэмэлт,
өөрчлөлтийг хэлэлцэж байгаа нь энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд чухал ач
холбогдолтой” хэмээв.
ГХЯ-ны Олон талт хамтын ажиллагааны газрын зөвлөх В.Оюу, “НҮБ-ын 80 жилийн ой, Аюулгүйн зөвлөлийн
1325 дугаар тогтоолын 25 жилийн ойг тохиолдуулан Монгол Улс уг тогтоолыг
хэрэгжүүлэх үндэсний төлөвлөгөө боловсруулах ажлыг эхлүүлж байна. Сүүлийн
жилүүдэд шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдэж, эмэгтэй энхийг
сахиулагчдын тоо өссөн нь ахиц дэвшил болсон. Мөн Гадаад харилцааны сайдын
санаачилгаар тогтоолын үзэл санааг дэмжсэн олон улсын үйл ажиллагааг зохион
байгуулсан. Дэлхийн 100 гаруй улс үндэсний төлөвлөгөөтэй болсон Монгол Улсад “Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдал” хэмээх ойлголтыг нийгэмд
зөвөөр төлөвшүүлэх шаардлагатай байна. Энх тайван, аюулгүй байдал нь зөвхөн
дайн дажингүй байх бус, нийгэмд ойлголцол, эв нэгдэл, тэгш оролцоог хангах
тухай ойлголт юм. Үүнд эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн хамтын үүрэг чухал юм” гэв.
НҮБ-ын 1325 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх үндэсний төлөвлөгөө боловсруулах ажил нь Монгол Улсад онцгой ач холбогдолтойгоос гадна нийгмийн бүх түвшинд хүйсийн тэгш оролцоо, энх тайван соёлыг бэхжүүлэхэд чухал алхам болж байгаа ажээ.




Улаанбаатар