Өвөл дүүжин замын тээврийн ажил зогсохгүй үргэлжилнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Нийслэлийн баруун болон урд бүсийн замын ачаалал, түгжрэлийг бууруулах зорилгоор Яармаг-Хархорин чиглэлд дүүжин замын тээвэр төслийг хэрэгжүүлж буй.
Дүүжин замын тээвэр нь 4.2 км урттай, хоёр буудалтай. Нийт 19 тулгуур баганатай байна. Хамгийн урт буюу 42 метр өндөр 14 дэх тулгуур баганыг өнөөдөр суурилуулжээ. Дүүжин замын тээврийн нийт барилга угсралтын ажил 48 хувьтай үргэлжилж байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаныхан төслийн талбайд өнөөдөр ажиллалаа.
Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар "Ирэх оны зургаадугаар сард цамхагт дүүжин тээврийн ган татлагат тросс татах, сүвлэх ажил, наймдугаар сард кабины угсралтыг хийж, арваннэгдүгээр сард буюу нэг жилийн дараа нийтийн тээврийн төрөл болж, зорчигчдоо тээвэрлэж эхэлнэ. Яармаг, Нэгдүгээр хорооллыг холбосон нийтийн тээврийн шугам байдаггүй. Оргил ачааллын үед Яармаг, Нисэхээс төв рүү чиглэх тээврийн хэрэгслийн хөдөлгөөн 90 орчим мянга байна. Дүүжин замын тээвэр нь цагт 2400 орчим зорчигч тээвэрлэж, хөдөлгөөний ачааллыг хуваалцана. Мөн дүүжин замын тээвэр нь Энхтайваны өргөн чөлөө дагуух метроны чиглэл, Наадамчдын өргөн чөлөө дагуух трамвайны шугамтай холбоно" гэв.
НЗДТГ-ын мэдээлснээр, өвөл дүүжин замын тээврийн ажил зогсохгүй үргэлжилж, дүүжин тээврийн ашиглалтыг хариуцах аж ахуйн нэгжийг тусад нь байгуулах аж. Мөн мэргэжилтнүүдийг сургалтад хамруулж бэлтгэх юм. Дүүжин замын тээврийн хоёрдугаар шугамыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөн ихтэй боловч нийтийн тээвэр явдаггүй чиглэл болох Маршаллын гүүрний зүүн хойноос буюу Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн баруунаас И-Мартад нэг буудалтай, Шангри-Ла төвийн баруун тал хүртэл явуулахаар ТЭЗҮ-ийг боловсруулж байна.


Улаанбаатар