Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох талаар түнш орнуудтай санал солилцоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-11-18 09:24:39

Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын Талуудын 30 дугаар бага хурал (COP30) Бразил Улсын Белем хотноо энэ сарын 10-21-нд болж байна.


Хуралд оролцож буй БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар Монгол Улс СOP30 талуудын бага хурлын үеэр NDC 3.0 шинэчилсэн зорилтоо танилцуулж, 2035 он хүртэл хүлэмжийн хийн ялгарлыг 30.3 хувь бууруулах амлалтаа хэрэгжүүлэх бодлого, уур амьсгалын тэсвэржилтийг сайжруулах талаар олон улсын байгууллага, түнш орнуудтай санал солилцоно.


Мөн 2026 онд Улаанбаатар хотод зохион байгуулах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын бэлтгэлийг COP30-ын үеэр танилцуулж, техник, санхүүгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр Даян дэлхийн байгаль орчны сан (GEF), НҮБ-ын Уур амьсгалын сан (GCF), Байгаль орчны НҮБ-ын хөтөлбөр (UNEP), Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (FAO), Европын холбоо, бүс нутгийн түншүүдтэй уулзахаар төлөвлөжээ.


"Дэлхийн уушги" хэмээн нэрлэдэг Амазоны бүсийн хамгийн том хотуудын нэг Белемд дэлхийн улс орны төлөөллүүд чуулж, уур амьсгалын бодлогын хэлэлцүүлгийг бодит нөхцөл дээр тулгуурлан, үр дүн гарах шийдлийг эрэлхийлж байгаа ажээ. 


Түүнчлэн, хурлын үеэр Гамшигт тэсвэртэй дэд бүтцийн эвсэл (CDRI)-аас зохион байгуулсан “Дэлхийн дэд бүтцийн тогтвортой байдлын тайлан 2025”-ын салбар хуралдаанд БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар илтгэл тавилаа. Тэрбээр, Монгол Улсын хэтийн зорилго нь "Дэд бүтэц нь уур амьсгалд тэсвэртэй, байгальд ээлтэй, газрын ухаалаг харилцааг дэмжсэн байх ёстой"-г дурдаад, НҮБ-ын Байгаль орчны ассамблейн хуралдаанаар тогтвортой, дасан зохицох дэд бүтцийн тухай тогтоолын шийдвэрийг санаачилж дэмжсэн. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд ️сайн бодлого, стандарт, ️байгальд суурилсан, хосолмол шийдэл, өгөгдөл, эрт сэрэмжлүүлэг, хөрөнгийн менежмент шаардлагатайг тэмдэглэв.



Төгсгөлд БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар, "UNCCD COP17-ын зохион байгуулагчийн хувьд Монгол Улс тогтвортой, уян хатан дэд бүтцийг газар, усны тогтвортой менежментийн (SLWM) урьдчилсан нөхцөл хэмээгээд, COP17-ыг Риогийн конвенцуудын зорилтыг холбож, SLWM-ийн үр дүнг дэд бүтцийн эрсдэлийг багасгах бодит арга хэмжээ болгон хувиргах (мөн эсрэгээр нь) платформ гэж төсөөлж байна. Холбоос нутаг ба усны хагалбар, сүлжээ ба отрын бэлчээр, санхүү ба орон нутгийн нийгэмлэгийг холбосон санаачилгыг бүх түншдээ санал болгохыг уриалж байна" гэжээ.

 

Холбоотой мэдээ