Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхлаа.
Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-тай уламжлалт, сайн хөршийн найрсаг харилцаагаа улам бүр гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл болохыг дурдав. Монгол, Оросын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг баяжуулан хөгжүүлэх, улс төрийн харилцан итгэлцсэн харилцааг улам бэхжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлжээ.
Харин Ерөнхийлөгч В.В.Путин хоёр улсын дээд, өндөр түвшний уулзалт, харилцан айлчлал идэвхтэй өрнөж, Монгол, Оросын төрийн тэргүүн нарын ярьж тохирсон зүйлс бодит ажил хэрэг болон хэрэгжиж байна гэж онцолсон байна. Түүнчлэн Монгол Улсын газар нутгаар дамжуулан ОХУ-аас БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх хоолой барих төсөл, “Монгол-Орос-Хятадын Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр” зэрэг томоохон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хоёр улсын Засгийн газрын тэргүүн нар онцгойлон анхаарч, нягт хамтран ажиллана гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлэв.
Мөн 2026 онд Монгол Улс, ОХУ дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ойг тэмдэглэхээр хоёр тал харилцан тохирлоо. Ерөнхий сайд Г.Занданшатар өнгөрсөн есдүгээр сард Дорнын эдийн засгийн X чуулга уулзалтад оролцох үеэрээ ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхсан бол мягмар гарагт ШХАБ-ын гишүүн болон ажиглагч орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцох үеэр дахин бараалхсан нь энэ юм.


Улаанбаатар