СЭЛЭНГЭ: Аймгийн 17 сумын 11 суманд өвөлжилт хүндрэх төлөвтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-11-22 16:21:19

Сүхбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн нийт нутгаар цас их хэмжээгээр орж, 2025–2026 оны өвөлжилт хүндрэх төлөвтэй байна.

 

Иймээс аймгийн Онцгой комиссоос сумдын Онцгой комисстой цахимаар хуралдаж, цаг үеийн болон  өвөлжилтийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг сонсож, холбогдох үүрэг чиглэлийг өглөө.

 

Хурлын үеэр аймгийн Засаг даргын баталсан 01 дүгээр албан даалгаврын хэрэгжилтийг хангаж ажиллах, шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх чиглэлээр сумдын удирдлагуудад үүрэг даалгавар өглөө.

 

Аймгийн Ус цаг уур Орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээллээр зудын урьдчилсан төлөвийн зургаас үзэхэд нийт сумдын нутгаар 13 хувьд их, 41 хувьд дунд зэрэг, 43 хувьд бага, 3 хувьд хүндрэлгүй байхаар байна.

 

Тодруулбал Баянгол, Мандал, Орхон, Орхонтуул, Сант, Сайхан, Цагааннуур, Хушаат, Зүүнбүрэн, Баруунбүрэн, Жавхлант сумдын нутгаар өвөлжилт хүндрэх төлөвтэй байна.

 

Иймд өвөлжилт хүндэрч болзошгүй дээрх сумдууд Ус цаг уур Орчны шинжилгээний газраас гаргадаг богино, дунд, урт хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээ болон тухай бүр шинэчлэн гаргах зудын урьдчилсан төлөвийн мэдээг тогтмол авч ашиглах, цагийн байдал хүндэрсэн үед авч хэрэгжүүлэх арга хэмжээний урьдчилсан бэлтгэлийг эртнээс бүрэн хангаж ажиллахыг зөвлөлөө.

 

Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн нийт нутгаар цасны зузаан 6-22 см, Баянгол сум, Бугант тосгонд 20-22 см цастай байгаа бол Хүдэр суманд хамгийн бага буюу 6 см цасан бүрхүүл тогтоод байгаа юм.

 

Холбоотой мэдээ