“Улаанбаатар трамвай” төслийн сонгон шалгаруулалтыг ирэх долоо хоногт эхлүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. “Улаанбаатар трамвай” төсөл нь нийслэлийн босоо тэнхлэгийн дагуу ачаалал өндөртэй хоёр чиглэлийг хамарсан 26 км урт хос замтай тээврийн шинэ системээр хотын төвийн хөдөлгөөний ачааллыг бууруулж, нийтийн тээврийн чанар, хүртээмжийг сайжруулна.
НЗДТГ-ын мэдээлснээр, төслийн нэгдүгээр шугам Зунжин худалдааны төвөөс Сүхбаатарын талбай чиглэлд 11 км үргэлжилж, 16 зогсоолтой, зорчих хугацаа 29 минут байхаар тооцоолжээ. Харин хоёрдугаар шугам нь Архивын ерөнхий газраас Сүхбаатарын талбай хүртэл 15 км урт, 23 зогсоолтой, 37 минутад зорчих юм.
"Улаанбаатар трамвай" төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх хүрээнд хувийн хэвшлийн санал авч бүрэн шинжилгээний ажлыг дуусгасан. Сонгон шалгаруулалтын дөрөвдүгээр шат ирэх долоо хоногт эхлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна.
Төсөл нь хотын орчны чанарыг дээшлүүлэх төлөвлөлтийн шийдлүүдийг багтаасан. Тухайлбал трамвайн зогсоолыг олон улсын стандартад нийцүүлэн 700 метрийн тутамд барьж, депог 10 га талбайд байгуулахаар төлөвлөжээ. Мөн Яармагийн гол замын хэсэгт зүлгэн хучилттай ховилтой төмөр зам ашиглах шийдлийг тусгасан нь дуу чимээ бууруулж, ногоон зурвасыг нэмэгдүүлэх замаар хотын өнгө төрхөд эерэг өөрчлөлт авчрах боломжтой гэж үзэж байна.
Замын хөдөлгөөнөөс хамаарал багатай, цагийн хуваарийн дагуу тогтмол хөдөлдөг, цахилгаан хөдөлгүүрт трамвай тээврийн хэрэгсэл нэвтэрснээр 13000-25000 зорчигч тээвэрлэхээр төлөвлөжээ.
Мөн замын хөдөлгөөний
нэвтрүүлэх чадварыг 23.6 хувиар нэмэгдүүлэх юм.
Улаанбаатар