СҮХБААТАР: Ляонин мужтай хамтарсан хөрөнгө оруулалтын төвийг байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2025-12-10 16:44:38

Баруун-Урт, 2025 оны арванхоёрдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн ХАҮТ, БНХАУ-ын Ляонин мужийн хамтарсан хөрөнгө оруулалтын төвийг Шэньян хотод албан ёсоор байгууллаа.


Тус төв нь Сүхбаатар аймаг болон Ляонин мужийг холбосон эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны гол төв болж, үйл ажиллагааг эрчимжүүлэхийн зэрэгцээ соёлын солилцоог идэвхтэй дэмжиж, БНХАУ-д суралцаж буй монгол оюутнуудад дэмжлэг үзүүлэх, зөвлөн туслах замаар хоёр улсын залуучуудын хоорондын нөхөрлөл, соёлын ойлголт, солилцоог улам бэхжүүлэхэд чиглэжээ.



Бид тодорхой төлөвлөлт, шат дараатай арга хэмжээг авснаар хил дамнасан 10 гаруй томоохон хамтын ажиллагааны төслийг хэрэгжүүлэн, үр ашгийг нь дээшлүүлж, Сүхбаатар аймаг, Ляонин мужийн хооронд хоёр талын хөрөнгө оруулалтыг 5 тэрбум гаруй юаньд хүргэхийг зорьж байна. Мөн хоёр бүс нутгийн аж ахуйн нэгжүүд шинэ боломжуудыг ашиглах, орон зайгаа өргөжүүлэхэд нь туслах, Хятад, Монголын бүс нутгийн эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг зохицуулахад чухал нөлөө үзүүлэх болно гэж тус төвийн нарийн бичгийн дарга Ли Фу Зэнг хэллээ.


Хөрөнгө оруулалтын төвийг нээсэнтэй холбоотойгоор Сүхбаатар аймгийн үйлдвэрлэлбизнес эрхлэгчдээс хэрэгжүүлэх боломжтой төслүүдийг хүлээн авч, талууд харилцан санал солилцсон юм. Улмаар хөрөнгө оруулж, тодорхой хэмжээнд үр дүнгээ өгөх боломжтой төслийг дэмжиж, бодит ажил хэрэг болгох нь төвийн эхний ажил байх болно гэдгийг талууд онцоллоо.  

 

Холбоотой мэдээ