НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн гүйцэтгэх захирал манай улсад айлчилна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр (UNEP)-ийн Гүйцэтгэх захирал Ингрид Андерсонтой уулзаж, санал солилцлоо.
Уулзалтын эхэнд НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр (UNEP)-ийн
Гүйцэтгэх захирал хатагтай Ингрид Андерсон Монгол Улсын төлөөлөгчдийг НҮБ-ын
Байгаль орчны Ассемблейн 7 дугаар чуулганы яриа, хэлэлцээрүүдэд идэвхтэй оролцож, манлайлж байгаад талархал
илэрхийлснийг БОУАӨЯ мэдээлэв.
Сайд Б.Батбаатар байгаль орчны салбарт эрчимжүүлж буй хамтын
ажиллагаандаа сэтгэл хангалуун байдгаа илэрхийлээд, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын
Талуудын 17 дугаар бага хурлын үеэр Монгол Улсаас “Бэлчээр”, “Ус ба газар”,
“Байгальд суурилсан шийдэл” зэрэг
хэлэлцүүлгийг санаачилж байгаагаа танилцууллаа. Тэрбээр 2026 оны 8 дугаар сарын 17-28-нд
болох Талуудын 17 дугаар бага хуралд Ингрид Андерсоныг биечлэн оролцохыг урив.
Энэ үеэр Монгол Улс UNEP-тэй хамтран хэрэгжүүлсэн болон үргэлжилж буй ажил,
төсөл, хөтөлбөрийн үр дүнг хамтдаа олон улсын түвшинд танилцуулах боломжтойг
дурдсан байна.
Уулзалтын төгсгөлд НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрөөс Монгол Улсын Засгийн газарт бэлтгэл хангахыг бүх талаар дэмжихээ илэрхийлээд Гүйцэтгэх захирал өөрийн биеэр Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хуралд оролцохоо баталгаажуулжээ.

Улаанбаатар