Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-12-15 12:00:03

Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 15 /МОНЦАМЭ/.  Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах, төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2025-2028 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. 


Үндсэн чиглэлийн төсөлд агаарын тээвэр, эрчим хүч, санхүү, уул уурхай, даатгал болон худалдааны зарим чиглэлийн төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газруудын төрийн мэдлийн 10-66 хүртэлх хувийн хувьцааг Хөрөнгийн биржээр дамжуулан, олон нийтэд санал болгон худалдаж, нээлттэй хувьцаат компани болгох, төрийн өмчит 8 компанийн хувьцааг бүхэлд нь худалдах, төрийн өмчит 7 компани, үйлдвэрийн газруудыг нэгтгэх, нийлүүлэх, бүтцийн өөрчлөлт хийх саналыг тусгажээ. Мөн цаашид нэмж төрийн өмчит 6 компанийн хувьцааны тодорхой хувийг олон нийтэд санал болгох, төрийн өмчит 5 компанийн хувьцааг бүхэлд нь худалдахаар төлөвлөсөн байна. 


Энэхүү саналаар 100 хувь төрийн өмчит компани, үйлдвэрийн газрын тоо буурах, олон нийтийн нээлттэй хувьцаат компанийн тоо нэмэгдэх, төрийн өмчит компани, үйлдвэрийн газруудын нийт тоог 19-ээр буюу 18.8 хувиар бууруулж, 82 болгохоор тусгажээ. Дараах төрийн өмчит хуулийн этгээдүүдийн энгийн хувьцааг нэмж гарган олон нийтэд нээлттэй худалдахаар тусгажээ. Үүнд,

-“Монголын цахилгаан холбоо” ХК;

-“Хөдөө аж ахуйн бирж” ХХК;


-“Үндэсний давхар даатгал” ХК;

-“Монголын хөрөнгийн бирж” ХК;

-“Хөдөө аж ахуйн корпорац” ХХК;

-“Шивээ овоо” ХК;

-“Багануур” ХК;

-“МИАТ” ТӨХК;

-“Төрийн банк” ХК;

-“Эрдэнэс Тавантолгой” ХК;

-“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ;

-“Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ;

-“Дулааны III цахилгаан станц” ХК;

-“Дулааны IV цахилгаан станц” ХК;

-“Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ХК;

-“Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК;

-“Дарханы дулааны цахилгаан станц” ТӨХК;

-“Амгалан дулааны станц” ТӨХК багтжээ.

Холбоотой мэдээ