Канад Улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-12-18 12:23:33

Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарыын 18 /МОНЦАМЭ/. Хотын дарга Х.Нямбаатар Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Стивен Даустыг өнөөдөр хүлээн авч уулзсан талаар НЗДТГ-аас мэдээллээ. 


Канад Улс нь Монгол Улсын гуравдагч хөрш бөгөөд Хойд Америк дахь стратегийн түнш, манай улсын томоохон хөрөнгө оруулагч орон юм. Иймд хоёр улсын харилцааны хүрээнд хотуудын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа хотын дарга Х.Нямбаатар илэрхийлэв. Улаанбаатар, Канадын хотын хамтын ажиллагааны хувьд зам, дэд бүтцийн ухаалаг шийдлийг нэвтрүүлэх, төрийн албан хаагчдыг чадавхжуулах, эко хот болгож хөгжүүлэх чиглэлээр туршлага судлах, төсөл, хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх саналтай байгаагаа тодотгов.


Мөн Улаанбаатар хотын нэн тулгамдсан асуудлаар хамтран ажиллах, харилцан туршлага судлах өргөн боломжтойг Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Стивен Дауст онцлов.


Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугаа хүн амын 46 хувь нь буюу ойролцоогоор 1.7 сая гаруй иргэн Улаанбаатар хотод оршин сууж, дотоодын нийт бүтээгдэхүүний 66.6 хувийг дангаар үйлдвэрлэдэг. Улаанбаатар хотыг дижитал технологи бүхий ухаалаг, эко хот болгон хөгжүүлэх зорилтыг нийслэлээс дэвшүүлэн ажиллаж байна.


Улаанбаатар хот анх 1999 онд Дэлхийн өвлийн хотуудын холбоонд гишүүнээр элсэж, Канад Улсын Принц Жорж хоттой харилцаа тогтоож эхэлжээ. Үүнээс хойш Канад Улсын хотуудтай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр олон удаа хамтран ажиллаж, туршлага судлаад байна.

Холбоотой мэдээ