Аймаг, сумдад улсын нөөцөөс өвс, тэжээл олгох, цасанд боогдсон зам, давааг нээх хүнд машин механизм гаргана
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар өвлийг хүндрэл багатай даван туулах, зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд аймаг, сумдад улсын нөөцөөс өвс, тэжээл олгох, иргэдэд төрийн үйлчилгээ үзүүлэх, цасанд боогдсон зам давааг нээх хүнд машин механизм дайчлахаар болов.
Цаг уурын байгууллагаас 10 хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр энэ сарын 20-ны байдлаар нийт нутгийн 79 хувьд цастай байна. Үүнээс Увсын Ховд, Бөхмөрөн, Цагаанхайрхан, Малчин, Ховдын Алтай, Үенч, Хөвсгөлийн Цагааннуур, Улаан-Уул, Цагаан-Үүр, Цэцэрлэг, Өвөрхангайн Гучин-Ус, Булганы Рашаант, Дашинчилэн, Баяннуур, Сэлэнгийн Ерөө, Түшиг, Орхонтуул, Хүдэр, Мандал, Дархан-Уулын Шарын гол, Хонгор, Төвийн Эрдэнэ суманд цасны зузаан 20 см-ээс дээш байна.
Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдалд үнэлгээ хийхэд Хөвсгөлийн Цэцэрлэг, Булганы Рашаант, Өвөрхангайн Баянгол, Гучин-Ус, Сэлэнгийн Орхонтуул, Дархан-Уулын Шарын гол, Хонгор зудтай байгаад бөгөөд цаашид энэ тоо нэмэгдэх төлөв гарчээ.
Түүнчлэн зуншлага
муу, бэлчээрийн ургамлын гарц тааруу байсан баруун бүсийн Баян-Өлгий, Ховд, Увс
аймагт 8.1, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймагт 6.2 сая мал өвөлжиж, хаваржихаар
байгаа тул эдгээрт анхаарал хандуулахаар боллоо.
Улаанбаатар