“Монгол Улсын гамшгийн сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх” 100 сая ам.долларын төсөл хэрэгжүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2026 оны нэгдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. Онцгой байдлын байгууллагын 2026 оны үйл ажиллагааны зорилт, чиглэлийг тодорхойлох хүрээнд зохион байгуулж байгаа удирдах ажилтны цугларалт болж байна.
Монгол Улсын Засгийн газраас үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх, тэр дундаа гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх асуудлыг онцгойлон анхаарч ажиллах зорилгоор “Монгол Улсын гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх” төслийг энэ онд хэрэгжүүлэхээр болсон. Улмаар Азийн хөгжлийн банктай өнгөрсөн оны 11 дүгээр сарын 4-нд “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийг Засгийн газрын өргөн мэдүүлснээр УИХ 12 дугаар сард баталсан юм.
Тэгвэл энэ хүрээнд 100 сая ам.долларын төсөл хэрэгжүүлэх бөгөөд эрэн хайх, аврах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд ашиглах машин, механизм, тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэх, нэн ялангуяа орон нутгийн удирдлага, иргэд, олон нийтийн гамшгаас хамгаалах чадавхыг сайжруулах ач холбогдолтойг удирдах ажилтны цугларалтын үеэр онцоллоо.
Байгалийн гамшигт үзэгдэл, аюул, ослын тоо жил бүр нэмэгдэж байгаа ч Онцгой байдлын байгууллага гамшгаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үндсэн чиг үүргээ амжилттай хэрэгжүүлж, өнгөрсөн онд өмнөө тавьсан зорилтоо хангалттай биелүүлж, үйл ажиллагаагаа 94.1 хувиар “А” үнэлгээтэй дүгнүүлжээ.




Улаанбаатар