ЗАВХАН: Урд шөнө 7 сумын нутгаар хөрсөндөө -40-52.7 градус хоножээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2026 оны нэгдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Тэс суманд нэгдүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө агаарын температур -51.2 градус, хөрсний температур -52.7 градус хүрч, онцгой хүйтэрлээ.
Мөн Завханмандал, Отгон, Баянтэс сумдын нутгаар агаарын температур -40-47 градусын хүйтэн хоносон бол Түдэвтэй, Нөмрөг, Отгон, Алдархаан, Тосонцэнгэл, Баянтэс, Завханмандал сумын нутгаар хөрсний температур -40-48 градус хүрч хүйтэрсэн байна.
Бусад суманд агаарын температур -32–38 градус, хөрсний температур -35–48 градус хүрч хоносон бөгөөд Баянтэс, Цэцэн-Уул, Тосонцэнгэл, Нөмрөг зэрэг нийт 19 сумын нутгаар цастай, манантай байв. Нийт нутгаар 6-22 см-ийн цасан бүрхүүлтэй, хамгийн их нь Тэс, Баянхайрхан, Баянтэс, Цагаанхайрхан, Цагаанчулуут, Түдэвтэй сумын нутгаар 16-22 см цастай байна.
Хүйтний эрч сулрахгүй үргэлжлэх төлөвтэй байгаа тул малчид, иргэд, тээвэрчдийг цаг агаарын мэдээг тогтмол авч, болзошгүй эрсдэлээс сэрэмжтэй байхыг Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас зөвлөлөө.
Улаанбаатар