ӨМНӨГОВЬ: Диабетын төвийг ашиглалтад орууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2026-01-21 21:01:54

Даланзадгад, 2026 оны нэгдүгээр сарын 21 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн Даланзадгад суманд “Оюу толгой” ХХК-ийн хөрөнгө оруулалтаар Диабетын төвийг ашиглалтад оруулж, орон нутгийн иргэд чихрийн шижин өвчний нарийвчилсан шинжилгээ, оношилгоо, эмчилгээ үйлчилгээ авах боломж бүрдлээ.


Тус төв нь чихрийн шижин өвчний хүндрэлүүдийг оношлох орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон тул нарийн шинжилгээг орон нутагтаа хийлгэх боломжтой болжээ.


Мөн иргэдийн цаг хугацаа, эдийн засгийн зардлыг хэмнэн, эрүүл мэндийн үйлчилгээг чанартай, хүртээмжтэй авах нөхцөлийг бүрдүүлж байна.


Диабетын төвийн үйл ажиллагааг тогтвортой явуулах зорилгоор 2024–2025 оны хугацаанд мэргэшсэн эмч, сувилагч, сургагч багш нарыг гурван сарын сургалтад хамруулан, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлжээ.


Өмнөговь аймгийн хэмжээнд нийт иргэдийн 16 хувь буюу 15-69 насны хүмүүс чихрийн шижин өвчнөөр өвчилж байгаа нь улсын хэмжээнд өндөр үзүүлэлттэй гарчээ. Тиймээс орон нутгаас бодлого хэрэгжүүлж, тус Диабетын төвийг байгуулжээ.


Говийн оюу хөгжлийг дэмжих сантай хамтран Өмнөговь аймаг боловсрол, эрүүл мэнд, байгаль орчин, нийгмийн хөгжлийн чиглэлээр 550 гаруй төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, давхардсан тоогоор 840 гаруй мянган хүнд хүрч ажиллажээ.

 

Холбоотой мэдээ