ӨМНӨГОВЬ: Эрт илрүүлгээр хавдрын 12 шинэ тохиолдлыг илрүүлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Даланзадгад, 2026 оны нэгдүгээр сарын 21 /МОНЦАМЭ/. “Өсөлттэй Өмнөговь” хөтөлбөрийн хүрээнд хавдрын өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх чиглэлээр төлөвлөгөөт ажлуудыг үе шаттай хэрэгжүүлж байна.
Тухайлбал, 15 суманд хавдрын урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоог зохион байгуулж, эмч, сувилагч нарыг сургалтад хамруулжээ. Мөн БОЭТ-д орон нутгийн хөрөнгө оруулалтаар хавдрын хими эмчилгээний тасгийг нээж, үйл ажиллагааг нь эхлүүлсэн байна.
Хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн онд “Хавдрын эсрэг аян-2025”-ыг эрчимтэй хэрэгжүүлж 705 иргэнийг хамруулжээ. Үүнээс 131 хүн хяналтын үзлэгт, 31 хүн эсийн шинжилгээнд, 20 хүн дурангийн шинжилгээнд хамрагдсан байна.
Аяны явцад хавдрын 12 шинэ тохиолдол, хавдрын урьтал шижигтэй 32 тохиолдлыг илрүүлж, цаг алдалгүй эмчилгээ, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авчээ.
Оношийг бүтцээр нь авч үзвэл, элэгний хавдар тав, хөхний хавдар нэг, умайн хүзүүний хавдар хоёр, улаан хоолойн хавдар нэг, ходоодны хавдрын нэг тохиолдол илэрсэн байна.
Өмнөговь аймгийн хэмжээнд хорт хавдраар оношлогдсон 600 гаруй иргэн эмчийн байнгын хяналтад байна.
Улаанбаатар