Бельги Улсын профессор, судлаач солилцооны тэтгэлэг хөтөлбөр зарлалаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2026-02-06 11:39:03

Улаанбаатар, 2026 оны хоёрдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Бельгийн Хаант Улсын Валлони-Брюсселийн Судалгаа, дээд боловсролын академи /ARES/ болон “ASEM-DUO Хамтын ажиллагааны хөтөлбөр”-ийн хамтран хэрэгжүүлдэг "DUO-Belgium/Wallonia-Brussels 2026" тэтгэлэгт хөтөлбөрт Монгол Улсын их, дээд сургуулийн профессор, судлаачдыг бүртгэж эхэллээ.


Энэхүү хөтөлбөр Ази-Европын дээд хэмжээний уулзалт /ASEM/-ын гишүүн орнуудын их, дээд сургуулиудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, профессор, судлаачдыг харилцан солилцох эрдэм шинжилгээний чадавхыг нэмэгдүүлэх зорилготой.

Тэтгэлгийн нөхцөл ба санхүүжилт

  • Тэтгэлгийн хэмжээ: Солилцоонд хамрагдаж буй хоёр судлаачийн дунд 7.000 евро /Монгол Улсаас Бельги Улсад очих, Бельги Улсаас Монгол Улсад ирэх нэг, нэг судлаач/
  • Зарцуулалт: Замын зардал болон амьжиргааны зардалд зориулна.
  • Үргэлжлэх хугацаа: 3 долоо хоногоос 2 сар хүртэл үргэлжилнэ.
Сонгосон судлаачид 2026 оны наймдугаар сараас 2027 оны наймдугаар сар хүртэл солилцооны хөтөлбөрт хамрагдана.


Тэтгэлэгт хөтөлбөрт элсэхийг хүсэгчид Монгол Улсын болон Бельгийн /Валлони-Брюссель бүс/ их, дээд сургуулиуд хамтын ажиллагааны хүрээнд нэг нэгнээ харилцан хүлээн авах байдлаар бүртгүүлэх, түнш хоёр сургуулийн хооронд хамтын ажиллагааны гэрээ эсвэл Харилцан ойлголцлын санамж бичиг /MoU/ байгуулсан байх, профессор, судлаач болон эрдэм шинжилгээний ажилтан байх зэрэг шаардлагыг хангасан байх ёстой.


2026 оны  гуравдугаар сарын 13-ны өдөр Бельгийн цагаар 12:00 цаг хүртэл үргэлжилнэ.


Бүртгэлийг Бельгийн талын хүлээн авагч их сургуулийн хариуцсан алба /International Relations Office/ цахимаар мэдүүлнэ. Монгол талын судлаач нь Бельги талын хамтрагчтайгаа зөвлөлдөж, шаардлагатай баримт бичгийг бүрдүүлэн илгээх юм.


Дэлгэрэнгүй мэдээлэл болон анкетыг ARES-ийн албан ёсны  www.ares-ac.be/fr/asem-duo, ASEM-DUO-ийн талаар ерөнхий мэдээллийг www.asemduo.org, уг хөтөлбөртэй холбоотой асуудлыг  asem-duo@ares-ac.be, international@ares-ac.be  цахим хуудаснаас авах боломжтой.

 

Холбоотой мэдээ