Бангладешийн гурван иргэн хуурамч визээр хил нэвтрэхээр завджээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2026 оны хоёрдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Бангладеш улсын иргэд хуурамч визийн зөвшөөрөл ашиглан улсын хил нэвтрэхийг завдсан үйлдлийг Гадаадын иргэн харьяатын газрын алба хаагчид илрүүлжээ.
Тодруулбал, энэ сарын 9-ний өдөр “Чингис хаан” олон улсын агаарын замын боомтын орох чиглэлд Бангладешийн нэр бүхий гурван иргэн гадаадын иргэний мэдээллийн санд бүртгэлгүй, хуурамч визийн зөвшөөрөл ашиглан Монгол Улсын хил нэвтрэхийг завдсаныг тогтоосон байна. Тухайн иргэдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу Монгол Улсад таван жилийн хугацаанд оруулахгүй байх хориг тогтоож, уригч аж ахуйн нэгж, байгууллагыг үргэлжлүүлэн шалгаж байгаа аж. Мөн өнгөрсөн оны аравдугаар сард дээрх улсын нэр бүхий иргэд уригч байгууллагын нэр ашиглаж, өмнө нь олгосон визийн зөвшөөрөл дээрх иргэний нэр, паспортын мэдээллийг өөрчлөх зэргээр зөвшөөрлийг хуурамчаар үйлдсэнийг тогтоож байсан юм.
Ийм хууль бус үйлдлийг удаа дараа давтвал Бангладешийн иргэдэд цахимаар виз олгох зохицуулалтыг дахин авч үзэх, шаардлагатай тохиолдолд визийг уламжлалт байдлаар биечлэн мэдүүлэх хэлбэрт шилжүүлэхэхийг ГИХГ-аас анхаарууллаа. Мөн гадаадын болон уригч иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд хууль тогтоомжийг чанд мөрдөж, аливаа хууль бус үйлдэл гаргахгүй байхыг сануулав.
Монгол Улсад өнөөдрийн
байдлаар БНБУ-ын 300 орчим иргэн оршин суух зөвшөөрөлтэй байна.