ХӨВСГӨЛ: Хөвсгөл нуурт хар хил гарсан тул мөсөн замаар зорчихгүй байхыг анхаарууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2026 оны хоёрдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Ханх сум Тураг багийн Шивдэгийн ам гэдэг газар Хөвсгөл нуурт том хэмжээний хар хил гарсан тул малчид, иргэдийг мөсөн замаар зорчихгүй байхыг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас анхаарууллаа.
Хар хил гэдэг нь хагарсан мөс хоёр тийшээ ангайн, завсраар нь ус мэлтэлздэг хэсгийг, цагаан хил гэдэг нь мөс хагарч хоорондоо мөргөлдөн овоорч, барааны газраас мөсөн уул мэт харагддаг хэсгийг хэлнэ.
Улсын хэмжээнд он гарсаар гол, нуурын мөсөнд цөмөрсөн 8 дуудлага, мэдээлэл Онцгой байдлын байгууллагад бүртгэгдсэн байна. Үүнээс мөс цөмөрсөн дуудлагын 5 нь Хөвсгөл аймагт бүртгэгдсэн байна.
Мөс цөмөрсөн дуудлага нь ихэвчлэн 1, 2, 3, 4 дүгээр сард хамгийн их бүртгэгддэг бөгөөд голуудын мөсний зузаан цаг агаарын нөхцөл байдлаас хамааран нимгэрдэг байна. Мөн нуурын толио болон гол мөрний нийт уртын дагуух мөсний зузаан харилцан адилгүй байна.
Тиймээс иргэд, малчид, аялагчдыг цаг хэмнэх, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээврийн хэрэгслээр зорчихгүй байж, өөрийн болон бусдын эд хөрөнгө, эрүүл мэнд, амь насаа эрсдэлд оруулахгүй байхыг Хөвсгөл аймгийн ОБГ-аас анхаарууллаа.
