БАЯНХОНГОР: Шуурхай арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болгов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор, 2026 оны хоёрдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга Х.Ганхуягаар ахлуулсан ажлын баг Баянхонгор аймгийн Онцгой комиссын өргөтгөсөн хуралдаанд оролцож, өвөлжилтийн нөхцөл байдал, гамшгийн эрсдэлийг бууруулах арга хэмжээний хэрэгжилттэй танилцаж, санал солилцлоо.
Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга Х.Ганхуягаар ахлуулсан ажлын баг хангайн бүсийн аймаг, сумдын өвөлжилтийн нөхцөл байдал, орон нутагт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хэрэгжилтийн явцтай танилцаж, санал, дүгнэлт боловсруулах чиглэлээр орон нутагт ажиллаж байна.
Энэ сарын 12-ны байдлаар ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-5 градус хүйтэн, цаашдаа гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлч үеүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, бусад хугацаанд дунджийн орчим байх төлөв гарчээ.
Тус аймаг өвөлжилт хүндрэх их болон дунд эрсдэлтэй 13 суманд мал мах бэлтгэх, эдийн засгийн эргэлтэд оруулах, отор нүүдэл хийх, өвс, тэжээлийн нөөц нэмж бүрдүүлэх зэрэг зохион байгуулалтын арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэн ажиллаж байна.
Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг Гамшгийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх бодлого, арга хэмжээг орон нутагтаа бодитой хэрэгжүүлж, иргэдийн аюулгүй байдал, амь нас, эд хөрөнгийг хамгаалах ажилд онцгой анхаарч ажиллахыг үүрэг болголоо. Мөн тэрээр Баянхонгор аймгийн Онцгой байдлын газарт ажиллаж, Гамшгаас хамгаалах тухай хууль тогтоомж, гамшгийн эрсдэлийг бууруулах бодлого хөтөлбөрийн хэрэгжилтийг хангаж хариу арга хэмжээг шуурхай авч ажиллах үүрэг даалгавар өгөв.