АНУ-д бүх салбарт эмэгтэйчүүд бага цалин авдаг

Дэлхийд | Нийгэм
aminaa@montsame.mn
2015-11-06 14:07:05

ВАШИНГТОН. /Reuters/. АНУ-д бүх салбарт адилхан ажил хийсэн атлаа эмэгтэй хүн эрэгтэй хүнээс бага цалин авдаг тухай судалгаагаар тогтоожээ.

Мөн гэрлэсэн эрэгтэй болон хүүхэдтэй эмэгтэйн цалин асар их зөрүүтэй байдаг байна.

Аавууд 67 мянга 9 зуун доллар, гэрлэсэн ээжүүд 46 мянга 8 зуун доллар, ганц бие ээжүүд 38 мянга 2 зуун долларын дундаж цалинг АНУ-д авдаг байна.  

“Цалингийн хүйсийн зөрүү бол бодит зүйл. Ажиллах хүчний тал буюу түүнээс дээш хувийг бүрдүүлж буй эмэгтэйчүүдийг эрчүүдтэй ижил төвшинд авч үздэггүй” гэж цалин, тэтгэмж, нөхөн олговор мэдээллийн “PayScale” компанийн  ахлах редактор Обри Бах  хэлжээ. Тус компани уг судалгааны дүнг нэгтгэсэн юм.

50-55 нас хүртэл эрэгтэй ажилтны цалин нэмэгдсээр дундаж нь 75 мянган доллар хүрч байхад, 35-40 нас хүртэл эмэгтэй ажилтны цалин дундаж нь 49 мянган доллар л болдог байна.

1.4 сая байнгын ажилтнаас авсан мэдээлэлд үндэслэн “PayScale” компани уг цалингийн хүйсийн зөрүүг олж тогтоожээ. “Цалингийн хүйсийн  зөрүү гардаг гол шалтгаан нь эрэгтэй, эмэгтэй хүн өөр ажил хийдэгт байдаг. Инженер, барилгын уул уурхай зэрэг өндөр цалинтай ажлыг ихэвчлэн эрэгтэй хүн хийж, багшлах, нийгмийн ажил зэрэг ажлыг эмэгтэй хүн хийдэг” гэж Бах нэмж хэлэв.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ