Хөх ордон: Ерөнхийлөгч Мүн Жэ Ин өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайдтай хэлэлцээ хийнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ДЭЛХИЙД БИДНИЙ ТУХАЙ
dorjkhand@montsame.mn
2018-01-15 09:30:55
СӨҮЛ. /Ёнхап/. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайдтай хоёр талын харилцааг бэхжүүлэх асуудлаар хэлэлцээ хийнэ гэж Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн тамгын газар буюу Хөх ордон мэдэгдсэнийг “Ёнхап” агентлаг уламжлав.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөө өглөө Өмнөд Солонгост гурван өдрийн албан ёсны айлчлалаар хүрэлцэн очсон байна. Айлчлалын үеэр тэрбээр хоёр улсын бизнесийн форумд оролцохоос гадна Өмнөд Солонгост ажиллаж амьдарч буй монголчуудын төлөөлөлтэй уулзах аж.

Мүн Жэ Ин, У.Хүрэлсүх нарын уулзалт өнөөдөр үдээс хойш Хөх ордонд болно гэж Хөх Ордноос гаргасан мэдэгдэлд дурдсан байна. Уг уулзалтад У.Хүрэлсүхийг дагалдан яваа Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар болон бусад албаны хүн оролцох ажээ.

Мүн Жэ Ин Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцсоноосоо дөрвөн сар орчмын дараа У.Хүрэлсүхтэй хэлэлцээ хийх гэж байна. Өнгөрсөн оны есдүгээр сард Оросын Владивосток хотноо болсон бүс нутгийн эдийн засгийн чуулга уулзалтын  үеэр Мүн Жэ Ин Х.Баттулгатай хоёр талын дээд хэмжээний уулзалт хийж байсан билээ.

Өмнөд Солонгос болон Монгол нь 1990 онд дипломат харилцаа тогтоосон улсууд юм.

http://english.yonhapnews.co.kr/search1/2603000000.html?cid=AEN20180115003300315
Г.Доржханд
Холбоотой мэдээ