Ким Жон Ун Хятадад айлчилж байж магадгүй

ХИЛИЙН ЧАНАДААС
dogsom@montsame.mn
2018-03-27 17:16:03
Бээжин /МОНЦАМЭ/. БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун-ыг өчигдөр БНХАУ-ын нийслэл Бээжин хотод хүрэлцэн ирлээ хэмээх мэдээлэл цахим орчин болон гадны хэвлэлүүдээр цацагдаж эхэллээ.
 БНХАУ-ын тал үүнийг албан ёсоор баталгаажуулаагүй байгаа бөгөөд таамаг төдий хэвээр байна.
Түүнийг өчигдөр галт тэргээр Бээжин хотод ирсэн хэмээн таамаглаж байгаа бөгөөд өчигдөр 17 цаг орчмоос эхлэн Хятадын зүүн хойд нутгаас ирэх галт тэрэгүүд 30 минутаас нэг цаг хүртэлх хугацаагаар хоцорчээ.
Мөн Бээжин хотын оршин суугчдын цахим орчинд байршуулсан бичлэг, зурагт хэдэн арван мотоциклтой цагдаа нар Бээжин хотын вокзалаас нэгэн машиныг хамгаалан гарч явсан.
БНАСАУ-ын удирдагч агсан Ким Чин Ир 2011 онд БНХАУ-д айлчлахдаа мөн галт тэргээр Бээжин хотод хүрэлцэн ирж байсан юм. Хэдийгээр БНХАУ-БНАСАУ хоорондын харилцаа сайн байсаар ирсэн түүхтэй ч Ким Жон Ун удирдагч болсноос хойш харилцаа тийм ч сайнгүй байгаа билээ. Хэрвээ тэрээр БНХАУ-д айлчилж байгаа нь үнэн  бол удирдагч болсноосоо хойш анх удаа БНХАУ-д айлчилж байгаа нь энэ юм.
Одоогоор түүний айлчилж буй эсэх нь тодорхойгүй байгаа бөгөөд Хятадын талын ямар хүмүүстэй уулзах, ямар асуудлаар хэлэлцэх, хэдий хугацаанд Бээжинд саатах зэрэг мэдээллүүд тодорхойгүй байна.
А.Анхбаяр
           

Холбоотой мэдээ