Цахилгааны шөнийн тарифыг хөнгөлснөөр иргэд 5.2 тэрбум төгрөг хэмнэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunbold@montsame.gov.mn
2015-12-01 12:30:34

Эрчим хүчний зохицуулах хорооны ээлжит хориндолдугаар хурал өчигдөр болж, гэр хорооллын иргэдийн цахилгааны шөнийн тарифыг 50 хувиар  хөнгөлөх шийдвэр гаргалаа.

Төвийн бүсийн нэгдсэн сүлжээний 280 гаруй мянган айл өрхийн цахилгаан халаалт залгах шаардлагатай хүйтний улиралд буюу энэ оны 12, ирэх оны 1, 2, 3 сар хүртэл оройн 21 цагаас өглөөний 06 цаг хүртэл хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний үнийг 50 хувиар хөнгөлөх боломжтой болж байгаа юм.

Өмнө нь гэр хорооллын иргэд шөнийн нэг кВт цаг эрчим хүчийг 77.10 төгрөгөөр тооцож худалдан авдаг байсан бол  энэ үнийг 50 хувь хөнгөлснөөр 38.55 төгрөг болж, иргэд 5.2 тэрбум төгрөг хэмнэнэ гэсэн урьдчилсан тооцоог Эрчим хүчний зохицуулах хорооноос гаргажээ.

Эрчим хүчний салбар  2015 оныг “Хэмнэлтийн жил” болгон зарлаж, ЭХЯ, Эрчим хүчний зохицуулах хорооноос салбарын үр ашгийг дээшлүүлж, өртөг зардлыг бууруулах хамтарсан ажлын хэсэг гарган, эрчим хүч үйлдвэрлэгч, түгээгч, дамжуулагч компаниудын үйл ажиллагаанд шалгалт хийж, хяналт тавьж ажилласан байна. Үүний үр дүнд үнэ тарифын зохистой зохицуулалт, менежментийн зөв арга барилыг хэрэгжүүлж, олон жилийн турш хуримтлагдсан алдагдлыг бууруулж чаджээ. Тухайлбал эрчим хүч үйлдвэрлэгч дулааны цахилгаан станцууд дотоод хэрэгцээгээ 0.6 нэгжээр, төвийн бүсийн эрчим хүчний дамжуулалтын алдагдлыг 0.1 нэгжээр, цахилгаан түгээлтийн алдагдлыг 0.5 нэгжээр тус тус буурчээ. Мөн энэ оны эхний гуравдугаар улирлын байдлаар эрчим хүчний салбарын зардлын өсөлт 9.4 хувь болжээ. Зардлын энэхүү өсөлтийг  өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 20 гаруй хувиар буурсан үзүүлэлт ажээ.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ