Элчин сайд Б.Дэлгэрмаа Эрхүү мужийн амбан захирагч С.Г.Левченкотой уулзав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа ОХУ-ын Эрхүү мужийн Амбан захирагч С.Г.Левченког хүсэлтийнх нь дагуу 8 дугаар сарын 29-ний өдөр Элчин сайдын яаманд хүлээн авч уулзав.
Уулзалтаар Монгол, Оросын сайн хөршийн найрсаг харилцаа, түүний дотор бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх бүрэн боломжтой болохыг талууд тэмдэглэж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцов.
Амбан захирагч С.Г.Левченко 2018 оны 6 дугаар сард Улаанбаатар хотноо болох “Монгол, Оросын санаачилга 2018” нэгдсэн арга хэмжээнд оролцон Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхах үеэр өөрийн санал болгосон “Орос, Монгол, Хятад”-ыг холбох байгалийн хий, газрын тосны хоолой барих төслийг ажил хэрэг болгохын төлөө хамтран ажиллахад бэлэн буйгаа дахин илэрхийлэв.
Элчин сайд Б.Дэлгэрмаа Монгол Улс, Эрхүү мужийн хооронд транзит тээвэр, хөдөө аж ахуй зэрэг салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжтойг онцлов.