ЗАВХАН: Далан сэтэрсний улмаас 15 өрх шар усны үерт автах эрсдэл үүсэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2024-04-01 15:11:47

Улиастай, 2024 оны дөрөвдүгээр сарын 1 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Улиастай суманд үерийн далан сэтэрч айл өрхүүд рүү шар усны үер орж болзошгүй нөхцөл үүсэж, даланг сэргээх ажлыг хийж байна.


Тодруулбал, Улиастай сумын Чигэстэй багийн Мал эмнэлгийн хэсгийн үерийн далан сэтэрсний улмаас 15 өрх рүү шар усны үерт автах эрсдэл үүссэн. Онцгой байдлын газраас 13 албан хаагч хоёр техниктэй ажиллаж даланг сэргээх, урсгалыг өөрчлөх ажлыг хийлээ.


Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар эрчимтэй дулаарах тул иргэдийг шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлж суваг, шуудуу татах, өндөр уулын ам, гуу жалганы ойролцоо буухгүй байхыг онцгойлон анхааруулж байна гэж Завхан аймгийн Онцгой байдлын газраас мэдээлэв.

Ташрамд, Завхан аймаг үерийн дунд эрсдэлтэй үнэлэгдэж, урьдчилан сэргийлэх шаардлагатай арга хэмжээг гуравдугаар сарын 10-ны өдрөөс хэрэгжүүлж байна.


Завхан аймгийн нутаг дэвсгэр Хангайн нурууны усны хагалбар савд багтдагаас усан хангамж нь байгаль газар зүйн бүс болгонд харилцан адилгүй байдаг.

Хангайн гол нуруунаас эх авсан Идэр, Тэс, Буянт, Завхан голтой. Эдгээр голд Тэгш, Чигэстэй, Богд, Шар ус, Буянт, Ширээ, Яруу, Зайгал, Хацавч, Зарт, Хожуул зэрэг гол цутгадаг.


Аймгийн төв, Улиастай суманд 4.54 км үерийн усны далантай боловч үүнээс 2.7 км-ийг ашиглаж байгаа. Мөн 1.84 км далан ашиглалтын шаадлага хангахгүй байна. Улиастай сумын төвөөр Богд, Чигэстэй гол урсдаг бөгөөд хавар, зуны улиралд их үерлэдэг.


Жил бүрийн өвөл, хаврын улиралд огцом дулаарах, гэнэт хүйтрэх зэрэг цаг агаарын шинж байдлаас шалтгаалан Богдын гол дагуу халиа тошин ихээр үүсэж, Богдын гол багийн голын ай сав дагуу буусан айл өрхүүд шар усны үерт өртдөг.

Үерийн эрсдэлийг индексийн аргаар тодорхойлоход Улиастай, Тосонцэнгэл сум их, 14 сум дунд, 8 сум бага, аймгийн дунджаар 40.4 оноотойгоор дунд эрсдэлтэй үнэлэгдсэн байна.


Ойрын өдрүүдэд нийт нутгаар эрчимтэй дулаарах тул малчид тээвэрчдийг шар усны үерийн болзошгүй эрсдэлээс сэрэмжтэй байхыг аймгийн Цаг уур орчны шинжилгээний газраас онцгойлон анхааруулж байна.


Цаг уурын өртөө, харуулын ажиглалтын мэдээгээр, Тэс сумын нутгаар 15см, Баянтэс, Баянхайрхан, Цэцэн-Уул, Түдэвтэй, Нөмрөг, Тэлмэн, Тосонцэнгэл, Их-Уул, Яруу, Шилүүстэй сумдын нутгаар Осм цасан бүрхүүлтэй байна.

Бусад нутгаар цасан бүрхүүлгүй болсон. Өнөөдөр өдөртөө +2+14 градус дулаан байна. Хамгийн дулаан нь Ургамал сумын нутгаар +14 градус дулаан байна.

Гуравдугаар сарын 31-ний шөнө -2..-7 градус хүйтэн, хамгийн хүйтэн нь Эрдэнэхайрхан, Завханмандал сумын нутгаар -7 градус хүйтэн хоносон байна.

Газрын хөрс гэсэх хугацааны урьдчилсан мэдээгээр,


2024 оны хавар ихэнх нутгаар 4 дүгээр сарын cүүлчээр, говийн нутгийн өмнөд хэсгээр 4 дүгээр сарын эхээс дунд хүртэл хугацаанд хөрс 20 см гүнд хүрч гэсэх төлөвтэй байна гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас нэмж мэдээлэв.

Related news