ДУНДГОВЬ: Ахлагч бүрэлдэхүүний анхдугаар чуулганыг зохион байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2024-05-01 14:33:10
altantogos

Мандалговь, 2024 оны тавдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Дундговь аймаг дахь төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын Ахлагч бүрэлдэхүүний анхдугаар чуулганыг 4 дүгээр сарын 29-нд аймгийн Засаг даргын ивээл дор зохион байгууллаа.


Чуулганы нээлтийн үйл ажиллагаанд Дундговь аймгийн ИТХ-ын дарга С.Од-Эрдэнэ, аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, Хошууч генерал Ж.Содном, Хошууч генерал Б.Баярмагнай, Бригадын генерал Г.Болор болон төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын удирдлагууд урилгаар оролцов.


Дундговь аймгийн хэмжээнд Цэргийн гавьяаны одонт Онцгой байдлын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Зэвсэгт хүчний 278 дугаар байгууламж, Цагдаагийн газар, Тагнуулын хэлтэс, Шүүх шинжилгээний хэлтэс зэрэг зургаан байгууллагад нийт 220 орчим ахлагч ажиллаж байна. 2024 оныг “Ахлагчийн жил” болгон зарласантай холбогдуулан аймгийн Засаг даргын захирамжаар “Аймгийн ахлагчийн зөвлөл”-ийг 11 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан.


Аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат чуулганы оролцогчдод хандан хэлсэн үгэндээ, Дундговь аймгийн төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын ахлагч бүрэлдэхүүн нь өөр өөрийн үндсэн үүргээ биелүүлэхээс гадна улс орноо хөгжүүлэх томоохон бүтээн байгуулалтад идэвхтэй оролцож, үер ус, цас, зудын гамшиг нүүрлэсэн хүнд цаг үед иргэдийнхээ эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалах үйлсийн тэргүүн шугамд үүрэг гүйцэтгэж байгаад талархал илэрхийлье гээд Ахлагчийн бүрэлдэхүүн гэдэг бол тухайн байгууллагын ачааны хүндийг үүрч явдаг гол хүч хэмээн онцолж, Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч У.Хүрэлсүх 2024 оны “Ахлагчийн жил” болгон зарласантай холбогдуулан энэ жил зохион байгуулах олон талт ажлын хүрээнд ахлагчийн бүрэлдэхүүнийг чадавхжуулж, хөгжүүлэх, тэдний гэр бүл, нийгмийн хамгаалал, ажлын орчныг сайжруулах чиглэлээр бодит ахиц дэвшил гарна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.


Мөн тэрээр ахлагч нарын албаны хууль, эрх зүйн шинэчлэл, нийгмийн баталгааг боловсронгуй болгох, ахлагч бүрэлдэхүүнийг хаана, хэзээ, ямар цагт, хэрхэн үүрэг гүйцэтгэхийг тодорхойлох зорилгоор өнөөдөр энэхүү чуулганыг зохион байгуулж байна хэмээн тодотгожээ.


Энэ үеэр салбар салбартаа манлайлан ажиллаж байгаа төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын ахлагч нарыг “Эх орны төлөө” медаль, “Дайчин алдар” медаль болон аймгийн шагналаар шагнаж, Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах 25 дугаар ангийн жолооч, ахлагч У.Бямбасүрэнг ахлах ахлагч цолоор, Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Ц.Бямбадалайг цагдаагийн дэд ахлагч цолоор шагнасныг гардуулжээ.  







関連ニュース